Шууд Chart

Зүгээр суухаар...

2016-01-26 09:37:26

/Сэтгүүлчийн тэмдэглэл/

Адраагийн маань өвөрмөц хоолойгоор дуулсан дуунаас өөр надад говийн тухай ойлголт бага даа бага. Гунын эвэр хугарам гурван есийн хүйтнээр Өвөрхангай аймгийн Богд, Гучин-Ус сумын зааг Монголын хоолой, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг алдарт гучин гурван говийн нэг Галбын говиор явж, “Эргэх 4 цаг” болон бусад нэвтрүүлгүүдээ бэлтгэлээ. Хүйтэн байна аа, хүйтэн байна. Ээл дулаан энэ говь нутгуудад ойрын хэдэн жилдээ ингэтлээ хүйтрээ нь үгүй гэнэ. Тэмээн сүргээ дуранд оруулах гэсэн малчид маань тэмээгээ эрээд дор хаяж 50-60 км явж байж эрж олно. Арайхийж олоод туугаад ирэх гэхээр загийн нөмөрт хоргодоод  явж өгөхгүй. Галбын говийн улаан тэмээ ингэж байхад  хоёр байшингийн хооронд  гараа үрчин халуун, хүйтнийг гайхан орох байх газраа олж ядсан бид яалтай билээ.

Дуг нойрондоо дугжирч байх энэ үед малчин хүн хотоо эргэж л явах... Малын хээл хүндэрч, малчдын өмнө мал төллүүлэх, төл хүлээн авах их ажил, их үүрэг уул нуруу шиг хөндөлдөнө. Энэ зуны хувьд алагтай, цоогтой зун болсон болохоор хавартаа хатуурч магадгүй гэж олон малчин ярьж байна. Мал төллөнө, хүн хүч дутна. Насан өндөр аав, ээж тань чиний, миний идэх хоол, өмсөх хувцасны төлөө, бас чиний сургалтын төлбөрийн төлөө хөлөө майжийж, хөлсөө дуслуулан урт хаврын харшмал өдрүүдтэй “тулалдана”. Онгож гандан оторт явна, олон шөнө мал төллүүлнэ, нойр, хоолоо мартана. Энэ үед л үр хүүхдүүд нь эцэг эхээ, төр нь малчнаа битгий мартаасай билээ.

Камер царцах, чих хөлдөх, хоолой өвдөх зэрэг саад бүхнийг нэгэн сэтгэлээр давсан найруулагч Г.Ундрах, зураглаач Д.Болорцэцэг, жолооч Г.Алтанхуяг нартаа баярлалаа. Юу, юугүй л... Таван бүлээн зүс, таван уяхан эгшиг, тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ дуу эгшиглэх нь Монгол малчны хотонд...
                     

 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Зүгээр суухаар...  
Үзсэн: 2077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй