Шууд Chart

Швед орноор аялацгаая: Эзэн хаан Карл XVI Густаф

2016-02-02 12:11:59

Өнөөдөр та бүхэн энэ улсын эзэн хаантай танилц. Хааны ордноос тийм даалгавар ч ирлээ надад. За тэр яахав, ажилдаа оръё. Шведийн Хаан Карл XVI Густафийн талаар товчхон...

• Шведийн Хаан Карл XVI Густаф Фолке Хубертус нь 1946 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ханхүү Густаф Адольф, Сачен-Кобург-Готагийн гүнж Сибиллагийн тав дахь хүүхэд бөгөөд айлын ганц хүү
• Эцэг Ханхүү Густаф Адольф нь 1947 онд онгоцны ослоор харамсалтайгаар нас барсан. Харин Эх Гүнж Сибилла нь 1972 онд Стокгольм хотод насан эцэслэжээ.
• Карл XVI Густаф нь 1950 онд Угсаа залгамжлах Ханхүү болсон бол 1973 оны есдүгээр сарын 15-нд 27 насандаа Шведийн улсын төрийн тэргүүн болсон.
• Тэр Стокгольмд Хааны ордонд бага ангийн боловсрол олгох хичээлээ заалгаж эхлээд дараа нь Броомсийн мөн 1966 Сигтунагийн дунд сургуульд элсэн оржээ

• Угсаа залгамжлах Ханхүү 2.5 жилийн хугацаат цэргийн алба хаасан
• 1968 онд Усан цэргийн офицерийн шалгалтаа өгсөн. Цэргийн сургалтаа Шведийн Үндэсний Батлан хамгаалахын Коллежид үргэлжлүүлсэн
• 1968-1969 онд Угсаа залгамжлах Ханхүү Уппсалагийн их сургууль, Стокгольмийн их сургуульд түүх, улс төр, социологи, санхүү, эдийн засгийн сургалтын програмд хамрагджээ.


• Ханхүү Карл нь Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэдэх Шведийн Байнгын төлөөлөгчийн газар, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газар /SIDA/-ын үйл ажиллагаанд оролцсоноор олон улсын харилцааны туршлага хуримтлуулсан байна
• Английн Лондон хотод Хамброгийн Банк, Шведийн ЭСЯ, Шведийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Францын Нэвэрс хотод Алфа Лавал плант компанид ажиллаж байв
• Угсаа залгамжлах Ханхүү байгаль болон байгаль орчны хамгаалах тухай сонирхлынхоо дагуу 1972 онд Стокгольм хотод хуралдсан НҮБ-ын Байгаль орчны тухай хуралд оролцож байв
• 1970 онд тэрээр Япон Улсын Осака хотод болж өнгөрсөн Дэлхийн үзэсгэлэнд оролцох Шведийн төлөөлөгчдийн тэргүүнээр явж байв
• Угсаа залгамжлах Ханхүү нь 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод болсон Олимпийн тоглолтын үеэр орчуулагчаар ажиллаж байсан Силвиа Соммерлат гэх бүсгүйтэй танилцжээ.

• Силвиа Соммерлат нь Баруун Германы бизнесмэн Волтер Соммерлат болон түүний бразил гаралтай гэргий Алис ни де Толедо нарын гэр бүлд 1943 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн
• 1976 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Хаан Карл XVI Густаф, Силвиа Соммерлат нар сүй тавьснаа зарлаж, тэр жилийнхээ зургаан сарын 19-ний өдөр Стокгольмд гэрлэсэн байна
• Хаан Карл XVI Густаф, Силвиа Соммерлат нь гурван хүүхэдтэй бөгөөд Угсаа залгамжлах Гүнж Викториа нь 1977 оны долоодугаар сарын 14-нд, Ханхүү Карл Филипп нь 1979 оны тавдугаар сарын 13-нд харин Гүнж Мэдэлайн нь 1982 оны зургаадугаар сарын 10-нд мэндэлсэн байна
• Хааны гэр бүл нь 1981 он хүртэл Стокгольмийн Хааны ордонд амьдарч байгаад Дроттнингхольм ордон руу нүүжээ.
• Хаан нь Шведийн Үндсэн хуулийн дагуу албан болон ёслолын үүрэг гүйцэтгэдэг. Гадаадад төрийн айлчлал хийх буюу гаднаас ирж буй төрийн айлчлалыг хүлээн авдаг.

• Тэрээр Парламентын жил болгоны чуулганыг нээж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэх тусгай зөвлөлийг даргалдаг.
• Мөн Гадаад харилцааны Зөвлөлдөх зөвлөлийг тэргүүлж, Шведийн Вант Улсад суух Элчин сайд нарын ИЖБ-ийг хүлээн авдаг юм байна.
• Парламентын Дарга, Засгийн газрын гишүүн, сүм, батлан хамгаалах, Швед болон гадаадын байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах нь Хааны өдөр тутмын ажлын нэг хэсэг болдог
• Хаан Карл XVI Густаф нь хүүхэд наснаасаа эхлэн Скаутын хөдөлгөөнийг сонирхож эхэлсэн бөгөөд 1977 онд Дэлхийн Скаутын Холбооны Хүндэт Ерөнхийлөгч болжээ.
• Тэрээр Швед болон гадаадад болж байгаа скаутын үйл ажиллагаанд байнга оролцдог байна.
• 1988 онд WWF-ийн Шведийн салбарын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

• АНУ-ын Байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн шагналаар шагнуулж байжээ.
• Хааны Карл XVI Густаф нь урлаг, хөгжим, хоол сонирхдог бөгөөд ан хийх, усанд сэлэх болон усан спорт, мото спорт, цанаар гулгах дуртай гэнэ.
• Тиймээс ч хааны гэр бүлийнхэн өвөлдөө эцэг, эхээс өвлөгдөж ирсэн Жэмтлэнд мужийн Сторлиэн хотод байдаг өөрийн коттеджид цанаар гулгаж чөлөөт цагаа өнгөрөөдөг аж
• Тэд бас зундаа Өлэнд арлын Соллидэн ордондоо усан спортоор хичээллэж, морь унаж, цэцэрлэгт хүрээлэндээ ажилладаг.

Нийтэлсэн: Р.Слава

Швед орноор аялацгаая: Эзэн хаан Карл XVI Густаф  
Үзсэн: 2741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй