Өнгөрөгч баасан гарагт кино сонирхогчдын анхаарлыг нэлээд татаад байсан “Эхнэрийн эзгүйд” уран сайхны кино нээлтээ хийлээ. Олон нийт “Эхнэрийн эзгүйд” юу болсныг өмнө нь тааварлах гэж оролдож, нэг нөхөр эхнэрийнхээ эзгүйд өөр эмэгтэйтэй аальгүйтсэн байх хэмээн таамаглаж байв. Гэвч киноны өгүүлэмж огт өөрөөр өрнөнө.
Гурван залуу шөнөжингөө шоудаад өглөө сэртэл эзэн нь тодорхойгүй зурвасын хамт бяцхан охиныг гэрт нь авчраад орхисон байх аж. Хаанаас, яаж гараад ирсэн нь тодорхойгүй бяцхан охиныг хаях гэж, цагдаад өгөх гэж, бүр хэнийх нь хүүхэд болохыг тодорхойлуулах гэж хөглөж яваа гурван залуугийн тухай өгүүлэх киноны нэр үнэхээр зохицсонгүй. Гоонь залууст хаанаас ч юм эхнэр гаргаад бас болоогүй хаашаа нь ч мэдэгдэхгүй алга болчих нь сонин шийдэл байлаа...
Түүгээр ч зогсохгүй эхлэл хэсэгт учир нь ойлгогдохгүй үйлдэл, үг хэллэгээр олныг инээлгэж байснаа төгсгөл хэсэгт нь уярааж, уйлуулах гэж хичээх аж.
Үнэндээ сахилгагүй нөхдүүд гэнэт хүүхэдтэй болчихдог энэ мэтийн кинонууд дэлхийд зөндөө л байдаг. Гэтэл тэднээс ялгагдах зүйлгүй, “сулхан” зохиолтой, киног ингэж цаг зав зарцуулан хийх хэрэг байсан уу ...
Уран бүтээл хийхийг зорьж байгаа бол ядаж л үйл явдлынхаа учир зүйг сайн бодолцох хэрэгтэй.
Бас сүүлийн үеийн кинонуудад их ажиглагдах болсон нөгөө “брэнд” үгийн эрэлд киног бүтээгчид их шунан тэмүүлсэн байна билээ. Үзэгчид нэг хэсэг “Ар хударга” зэрэг киноны жүжигчдийн хэлдэг үгсийг дуурайн, дэлгэрүүлж байсан шиг “Эхнэрийн эзгүйд” киноны тэрхүү үгсийг ч дуурайж “брэнд” болгоосой гэх хүсэл уран бүтээлчдэд байсан байх... Магадгүй багахан маркетинг байж болох ч ямар нэгэн холбогдолгүй, “лөгөг” гэх үгийг дэлгэрүүлж, брэнд болгох хэрэг ер нь байна уу.
“Лөгөг” гэх үг нь гөлөг гэдгийг дундаас нь эхлээд уншихын нэр бөгөөд таксины жолоочоос гарсан тэрхүү үгийг жүжигчид ч сурч, төгсгөл хүртэл "лөгөгдсөөр" дуусав.
Тайлал хэсэг. Өвчтэй охиноо эмчилгээнд явсан хойгуур нь төрүүлсэн үрийг нь “Аавтайгаа өсөг” гэх шалтгаанаар огт танихгүй газар аваачаад орхиж буй аавын буруу бодол киноны гол зангилаа аж. Хүргэнээ буруу таамагласан хадам аав охиныхоо хүүхдийг танихгүй эрчүүдэд өгчихөөд их л амар амгалан цаг хугацааг өнгөрөөжээ. Гэнэт охин нь гарч ирж, охиноо хайж явсаар сая учраа олон “аав” гэх нэрэндээ дасч эхэлсэн эрчүүдийг хямраан хүүхдээ авч одно. Зүгээр л “уучлал” гуйчихаад гараад явах, “Миний охиныг хүнд өгчихдөг та хүн мөн үү” гэж гомдоллох бүсгүйн жүжиглэлт үнэндээ бусад дүр болоод киноныхоо үйл явдалтай тохирсонгүй.
Ер нь төрсөн үрийнхээ төрүүлсэн хүүхдийг хүнд өгчихөөд амгалан сууж байдаг аавын дүр байх хэрэг байсан уу... Хэрэв тэр дүрийг гаргахыг хүссэн бол арай өөрөөр гаргаж болох байсан мэт санагдав.
Энэ мэтээр учир холбогдолгүй үйл явдал, уйлаан үргэлжилж байгаад аз жаргалтай төгсгөл ирнэ. Хэн нэгнийг үхүүлээгүй, өнчрүүлээгүй, харин ч бяцхан охиныг аавтай бас ээжтэй болгосон халуун дулаан төгсгөлд нь хууртаж болох ч үнэндээ сайн уран бүтээл болоогүй гэдгийг шууд хэлье.
Эцэст нь тэгээд “Эхнэрийн эзгүйд” юу болсон бэ гэвэл “Юу ч болсонгүй...” гэж хариулъя.
“Эхнэрийн эзгүйд” юу ч болсонгүй... | ||
Үзсэн: 13941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: