Шууд Chart

Зуднаас төрсөн бодол

2016-02-29 14:25:07

Зуд дөнгөж эхэлж байна, Увс аймагт ... Төлөг, багзаг, жижиг мал олноор хорогдож эхэлжээ. Зуд нэг талдаа малчны ажилсаг чамбай чанар, малаа  гэх сэтгэл, малын яс чанарыг шүүдэг шүүлтүүр. Муухан шиг нь юун түрүүн ширвэгдэнэ.

Увсынхан ясны ажилсаг хүмүүс. Нуурын зэгс, царгасыг бас ч үгүй нөөцлөөд халуун намраас тэжээгээд л энэ. Тэжээлийн уутаа сэгсэрч байна. Ямаа олноор хээл хаяж, малын хээл хүндэрч ядар дорой нь хэвтрээсээ босох тэнхэлгүй болжээ. Малын  зүс гандуу, малчдын сэтгэл гундуу байна. Ирэх хавар амьдрал залгах малгүй бол хот бараадна гэсэн яриа ч сонсогдох. Бараадах гэж байгаа хотын царай нь энэ. Хүүхдээ л бодъё гэх тэдний буруу гэж юу байх вэ. Малын тоо олширсон нь нэг талдаа алдаа. Эхний цаснаар унаад өгдөг олон муу малын хэрэг юун.

Тооны хойноос хөөцөлдөөд, мянгат болох гэж хошуурч байгаа нь малын үүлдэрлэг чанарт анхаарахгүй байна аа гэсэн үг. Бүгдийг фермер болгох нөхцөл  ч үгүй, боломж ч үгүй. Бэлчээрийн мал аж ахуй байсаар л байх болно. Сүүлийн үед Зоотехникийн буюу мал зүйчийн шинжлэх ухаан доголдоод байх шиг. Тэдний залгамж халаа хөдөөд очих нь бараг үгүй дээ. Малын үүлдэр угсаа, үүлдэрлэг чанар, омог үүлдрийг  нь тогтоож шинжлэх ухааны үндэстэйгээр мал аж ахуйг хөтөлж, малын чанар тоо толгойн харьцааг ч зоотехникчид л тогтоодог байх. Өнөөдөр малчин бүхэн зоотехникч болж, дураараа л дургиж байна. Одоо өсч л байвал бол оо гэдэг бодлоосоо салъя.

Одноос олон мянгат төрүүлэх нь ч  юу л бол. Мэргэжлийн хүний үгээ сонсъё. Миний л мэдэх Завхан аймгийн Сартуул хонь, Эрдэнэтийн хивсний түүхий эдийг бэлтгэдэг Завхан буурал ямааны омгийн судалгааг насаараа хийсэн Монгол Улсын Гавьяат зоотехникч Лхасүрэн, Сонгино суманд насаараа ажилласан Алтай гээд мундаг зоотехникчид бий. Мал зүйчдийнхээ үгийг сонсмоор. Хэр баргийн хүйтнийг тэсвэрлэх, хэр баргийн цас зудыг даах тэсвэртэй  товир, тарга хүч сайтай, ноос үс арвинтай өлчир чийрэг малтай болъё. Зоргодос шиг олон малын хэрэг юун. Малын өсөлт, тоо толгойд  мал зүйн шинжлэх ухаан зайлшгүй  хэрэгтэй.











Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Зуднаас төрсөн бодол   
Үзсэн: 2360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-01 16:32
маш зөв санаа үүниийг олон хүн уншаасай. Мал зүйч, малын эмч, эрдэмтэдийнхээ мэргэн ухааныг сонсоосой гэж хүсье. Мал сүрэг минь эсэн мэнд хаварыг давах болтугай.

Бидэнтэй нэгдээрэй