Шууд Chart

Хариулт нэхсэн 15 жил буюу үл тайлагдах хэргийн учиг

2013-10-02 10:03:06

Монголын түүхэнд  олны хүндэтгэлийг хүлээж, ард түмний хүү болж чадсан хүмүүнийг харгисаар хөнөөсөн хар өдрөөс хойш 15 жил өнгөрчээ. Хийсэн гэмтэн, хар үйлтэн нь хэдэн жилдээ илрэхгүй нүгэлт дурсамж тэр л  өдрөөс хөвөрч эхэлсэн. Энэхүү харгис үйлдлийн хохирогч нь ард түмэн, нэхэмжлэгч нь өдгөө ард түмэн л байна. Сонгууль сонгуулиар талийгаач С.Зориг албан тушаалын хэнээтнүүдийн амлалт, хийрхэлийн золиос болон, он жил хөврөх тусам хэргийн ул мөр арилан бүдгэрч, хойч ирээдүй түүний тухай дурсамжаас өөр зүйлгүй хоцроход ойрхон болжээ. Гэвч гэгээн дурсамжаар ард түмнийхээ сэтгэлд амьд хэвээр яваа түүнийг залуу хойч үе ямар хүн байсныг таньж, түүнийг цаашид ч монголын ард түмний эрэлхэг, ухаалаг хүү байсан гэдгийг дурсан санаж яваг гэсэндээ түүний тухай цөөн баримтыг дурдаж байна.

С.Зориг агсан 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү нь болон төрсөн. С.Зориг  Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцаж байхдаа  тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ.  Физикийн олимпиадад эхний байруудад ордог,  чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байсан гэдэг. Тэрээр дунд сургуулиа төгсөөд Москвагийн улсын их сургуулийн философийн ангид суралцан төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байсан тухай нөхөд нь дурсан ярьдаг. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд байнга шатар тоглодог байсан гэдэг бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байлаа.

С.Зоригийг Хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөр танилцан, үзэл бодлоо нэгтгэсэн шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ. Тэрээр 1990 онд “Хонх”-ны дуугаар ардчилсан хөдөлгөөний салхийг Монголд сэвэлзүүлж, олон ардын зүрх сэтгэлд ардчилалын удирдагч болон үлдсэн эрхэм хөвгүүн юм. С.Зориг 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байлаа.  Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч “Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байжээ. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байв.

1998 оны 10 сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг  гарлаа. Түүнийг хэн ямар зорилгоор хөнөөсөн нь одоо болтол илрээгүй байна. Энэ хэргээс үүдэн Батаа, Оюунаа нэртэй хүмүүс нэг хэсэгтээ л сэтгэлийн түгшүүр, далдхан айдастай амьдарч байсан гэхэд хилсдэхгүй.

Тухайн үед хэргийн гол гэрч, талийгаачийн эхнэр Б.Булган хэргийн талаар өгсөн мэдүүлэгтээ хачирхалтай зүйл олныг дурдсан байдаг. Дээрэмчид яагаад заавал цуу мэтийн зүйлийг хүнсний дэлгүүрээс биш улстөрчийнхөөс, төрийн сайдынхаас хайж, гэрт нь дайрч оров гэх мэт асуултууд өдгөө хариултаа аваагүй л байгаа.

Мөн яагаад цорын ганц гэрч болсон талийгаачийн эхнэр Б.Булганыг амьд үлдээв гэх зэрэг олон асуулт 15 жилийн турш хариулт нэхсэн хэвээр л байна. Асуулт бүхэн энэ аймшигт гэмт хэргийг “Тайлагдашгүй нууц” гэдгийг хэлээд өгөх мэт энгийн хэрнээ ээдрээтэй. Харин энэ хэргийг улстөржүүлж, эрх мэдэл, албан тушаалд хүрэх шат болгон ашигласан хүн цөөнгүй.

Харгис аллага болох өдөр буюу 1998 оны 10 сарын 2-ны өдөр тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баярын хамтаар УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд гурван цаг орчим ярьж хөөрөлдсөн гэдэг. Энэ vед С.Баяр талийгаачаас "Чи Ерөнхий сайд болчихвол Эрдэнэтийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ?" гэж асуухад нь "Поезд ушёл" (галт тэрэг хөдөлчихсөн) гэж хариулсан тухай Д.Энхбаатар "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. С.Зориг нас барахаасаа ганц цагийн өмнө оршуулгын комиссынх нь даргын хувиар шадар сайд агсан Ч.Пүрэвдоржийн гэрээр ороод харьсан байна. Харин маргааш нь өөрийг нь оршуулах комисс байгуулагдсан юм.

Алагдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа. Түүний алагдсан тэрхүү өдрөөс 14 жилийн өмнө мөн энэ л өдөр  төр, нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирыг нутаг заагдан цөлөгдсөн байхад нь  Дарханд сүхдэн хороожээ. Хэрэг мөн адил илрээгүй.  1998 оны 10 дугаар сарын 7-нд буюу хэргийн дараахан АНУ руу явсан “ард” хэмээх Я.Батсүхийг аллагад холбогдуулан 1999 онд сүр дуулиантай баривчилсан ч хуурамч диплом хийсэн хэрэг тохоод өнгөрчээ. Эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Энэ эмэгтэй нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд “Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ. Түүнийг ч мөн энэ хэрэгт сэжиглэн саатуулж байв.

Түүнээс хойш  С.Зоригийн гэх хэрэг олон жил олон үйл явдлыг араасаа дагуулсан юм. Тэрхэн үед “Центрпоинт”-ийн гэх хэргээр яллагдсан Ч.Энхайван Авдрантын хорих ангиас “Захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж, Ардчилсан намын нэр хүнд унаж, ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар “С.Зоригийн аллагын захиалагч М.Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна” хэмээн бичиж байлаа.

2003 оны 5 дугаар сард Дамирангийн Энхбатыг мөн аллагад сэжиглэн Европоос хулгайлж авчирчээ. Гүйцэтгэгч нь өнөөгийн АТГ-ын дэд дарга Б.Хурц байв. Хилс хэрэг хүлээгээгүй энэ хүн 2006 оны хавар С.Зоригийн төрсөн өдрөөс 2 хоногийн хойно,  шоронгоос гараад 5 хоноод нас барсан.

Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ хэрэгт онцгой анхаарал хан­дуулж эхэлснээ мэдэгдэж байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын пар­ламентын холбооны 120 дугаар хуралд оролцохдоо С.Зо­риг агсны хэргийн та­лаар дахин танилцуулж, Гер­манд нарийн шинжил­гээнд хам­руулахаар болсон гэдэг. Гэвч эдгээр ажлууд хэрэгжсэн, үгүй нь одоогоор тодорхойгүй байна.

Одоогоор Улсын ерөнхий прокурорын газарт байсан Ажлын хэсэг байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Ажлын хэсэг сэжигтэй гэх бүх үзүүрийг мухарласан, хийх ажилгүй шахам болчихоод байна” гэх.  Гагцхүү  жил бүр болдог  нэг л зүйл бол талийгаачийн хөшөөнд  цэцэг өргөн, хамтран зүтгэгчид нь дурсамж хөөрөлдөн, олон нийт хэргийн учрыг нэхсээр л байгаа.

Жил бүрийн энэ өдөр буюу 10 дугаар сарын 2-нд, мөн талийгаачийн төрсөн өдөр болох  4 дүгээр сарын 20-нд сэтгүүлчид  С.Оюун гишүүнээс алуурчныг олох боломжтой үгүйг ёс юм шиг асуудаг ч тэрээр “Хэрэгтнийг олно гэдэгт итгэдэг” хэмээн хариулдаг юм. Харин талийгаачийн ээж хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон юм.

Ийнхүү асуултаас асуултууд хөвөрсөн он цагийн хэлхээгээг төгсгөв.

Нийтэлсэн: М.Тодбэх

Хариулт нэхсэн 15 жил буюу үл тайлагдах хэргийн учиг  
Үзсэн: 8083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2013-10-08 13:25
orchooliin huuli ene namriin chuulganaar heleltsegdeh bolvuu enemy talaar survaljilj medej ogooch
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2013-10-08 13:23
ORSHOOLIIN HUULIIN TALAAR MEDEJ OGOOCH
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2013-10-02 10:58
bidnii yed ch ilrehgui bh aa daa als hoishdoo yu ym gehees urubdmuur um
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-10-02 10:47
Маш эмгэнэлтэй, харамсалтай хэрэг. Монголын түүхийг хараар будсан бас нэгэн эмгэнэлт үйл явдал байсан.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-02 10:43
Vneheer ih haramsdag shvv. yalt ch vgvi uls toriiin allaga l gj boddog. vgvi hiisen hvmvvs ni ineegeed l yavj bga bhdaa. Iim shudarga bus niigemd bid amidarch bna da
103.11.193.xxx [103.11.193.xxx] 2013-10-02 10:29
одоо ч илрэхээсээ өнгөрөө биз дээ

Бидэнтэй нэгдээрэй