Өнгөрөгч өдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-т “Тариаланчдын Улсын зөвлөгөөн-2016” зохион байгуулагдаж энэ жил газар тариалангийн салбарт юуг анхаарах ёстой, өнгөрөгч хоёр жилийн хугацаанд юун дээр алдсан талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Зөвлөгөөн “Хаврын тариалалт-Техник технологи” үзэсгэлэнгээр эхэлсэн бөгөөд үзэсгэлэнд тарианы үр, бордоо, шинэ сорц болоод газар тариалангийн тоног төхөөрөмж зэргийг дэлгэсэн юм. Тус үзэсгэлэнгийн онцлог нь тариаланчид өөрсдийн хүссэн тоног төхөөрөмжөө банкны лизенгээр газар дээр нь шууд худалдан авч болох боломжийг нээж өгсөнд байлаа.
"Тариаланчдын Улсын зөвлөгөөн"-ийг өнгөрөгч хоёр жил зохион байгуулаагүй. Үүнийг албаныхан Монгол орны ихэнх нутгаар ган, зудтай байсантай холбон тайлбарлаж байсан юм. Өнгөрөгч хоёр жил ган, зудтай байсан учраас тариаланчид үзэсгэлэнд тавигдсан бороо оруулах төхөөрөмжийг ихэд сонирхож байв.
ОХУ-ын Катюшаг санагдуулам энэхүү төхөөрөмж бол Монгол эрдэмтдийн гараар бүтээгдсэн бороо оруулагч төхөөрөмж. Австрийн эрдэмтний онол дээр тулгуурлан үйлдвэрлэгдсэн тус төхөөрөмжийг өнгөрөгч 2012 оноос хойш туршсаар ийнхүү олны хүртээл болгосон аж. Австрийн эрдэмтэн Вилхелм Райхийн онолыг анх Алжир улсын инженер Маджид гэх хүн 2004 оноос хойш туршин хэрэгжүүлж, цөл байсан газарт нуур тогтоож, өдгөө тэнд 400 мянган хүнтэй хот сүндэрлэж буй ажээ.
Харин Монголд энэхүү төхөөрөмжийг туршиж, хэрэглэж буй хүмүүс бол “Чинагийн Галсан сан”-гийнхан юм. Энэ талаар тус сангийн захирал Г.Галтайхүү “Энэ төхөөрөмжийн ажиллах явц тун энгийн. Агаар мандлын үүлэн давхарга, газрын гүний усны давхарга хоёрын дунд сөрөг хүчдэл бий болдог. Тэр хүчдэл юунаас үүсдэг вэ гэхээр модгүй, ургамалгүй болохоос гадна атомын туршилтаас болж бий болдог гэж үздэг. Их модтой газар бороо их ордог шүү дээ. Учир нь мод, ургамал сөрөг агаарыг саармагжуулж, хүчдэлийг өөртөө татаж, газарт шингээдэгтэй холбоотой. Манай улсын хувьд тэрхүү хүчдэл маш өндөр байдаг. Түүнээс гадна манай улсын хувьд баруун хойноосоо ихэвчлэн салхилдаг. Гэтэл манай улс руу салхилж буй тэрхүү салхины дээр Казахстаны Семипалатинск хотод цөмийн энергийн маш том туршилт явагдаж байна. Энэ нь манай улсад нөлөөлж байх магадлалтай.
Вилхелм Райх хэмээх энэ эрдэмтний онолоор бол энэ сөрөг хүчдэлийг төхөөрөмжийн тусламжтайгаар газрын усаар дамжуулснаар үүлийг цуглуулж бороо оруулна. Ингэхийн тулд доод талын зарим төхөөрөмж нь газрын гадарга дээрх урсгал усанд холбоотой байх шаардлагатай. Тэгж байж үүлийг татна. Урсгал усанд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй, гол нуур урсдгаараа л урсана” гэж ярилаа.
Бороо оруулагч төхөөрөмжийг Улаанбаатар хотоос 20 км-ийн зайд орших “Бэлхийн ам”-нд анх туршиж үзэж байсан гэнэ. Тийнхүү гурван жил туршиж үзсэн төхөөрөмжөө тариаланчдын үзэсгэлэнд авчирахаар өнгөрөгч 12-ны өдөр дахин Улаанбаатар хотод туршиж, 13-ны өдөр Улаанбаатар хотод бороо орсон талаар Монгол инженерүүд ярьж байсан юм.
Уг төхөөрөмж Дархан-Уул аймагт өчигдөр үүрээр орсон бороог оруулсан байж магадгүй гэж үзэсгэлэнд ирсэн тариаланчид ярьж байв.
Мөн ХХАА-н яам “Чинагийн Галсан сан”-гийнханд үзэсгэлэнд оролцох хүсэлтийг тавьсан гэнэ. Бороо оруулагч төхөөрөмжийн үнэ хөлсний талаар сангийн захирлаас лавлахад “Бид энэ төхөөрөмжийг ашиг харж авчраагүй. Энэ төрөөрөмж Монголд хэрэгтэй бол эх орныхоо хаана ч байсан хамаагүй нийлүүлье. Аймаг, сумд, газар тариалангийн бүс нутаг бүгдэд энэ төхөөрөмжөө өгье. Мэдээж тодорхой хэмжээний зардал гарах байх. Гэхдээ үнэлээд байх сонирхол бидэнд алга. Бид ямар нэгэн нам, бүлгэмийн харьяанд хамаатуулахгүйгээр энэхүү төхөөрөмжөө хүргэх ёстой хүмүүст л хүргэхийг зорьж байна” гэлээ.
Харин хүчин чадлын тухайд “Нэг ийм төхөөрөмж ажиллаж байгаа газарт ойролцоогоор 50-100 киллометрийн радиуст бороо орно. Энэ нь туршилтаар ч батлагдсан” гэж ярьсан юм.
Бороо оруулагч төхөөрөмжийг тариаланчид их сонирхож байв | ||
Үзсэн: 16275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.