Шууд Chart

Оскар Нимейер: Намайг зөв өнцөг, шулуун шугам бус уян хатан хэлбэр татдаг

2016-04-19 11:41:16

"Уран  барилга бол  яруу найраг юм. Тэрээр хүнд гэрэл гэгээ хайрлаж, сэтгэл санааг нь тэнүүн  талбиун байлгах илч дулааныг түгээх  ёстой"

                                                                                        Оскар Нимейер

Хэдхэн сарын дараа Бразилийн Рио де Жанейро хот зуны олимпийн тоглолтын галаа асааж дэлхийн анхаарлын төв болох гэж байна. Энэ сайхан орныг шинээр баригдан буй бүтээн байгуулалт, зочдоо хүлээх олон цэнгэлдэхээс гадна дэлхийн уран барилгын сор болсон байгууламжуудаар, бас хүн зоны бүтээлчээр нь бахархахгүй байхын аргагүй юм.
Урлаг соёлын суут бүтээлчид урт насалдаг гэгддэг ч  Бразилийн архитектор  Оскар Нимейер гуай шиг 105  насыг зооглосон нь одоохондоо алга. Энэ буянт буурал ер дөхсөн хойноо ч төслөө боловсруулж суусан аугаа хөдөлмөрч нэгэн билээ.

Бүтэн нэр нь Оскар Рибейроде Алмейда Нимейер Соэрэс Фило бөгөөд 1907 оны 12 дугаар сарын 15-нд төрсөн. Олон хүүхэдтэй жирийн нэгэн гэр бүлд төрж өсчээ. Багадаа ээжээсээ өнчирсөн Оскар 18 настайдаа аавынхаа зөвлөсний дагуу Бразилийн Үндэсний урлагийн их сургуульд орж, уран барилгын чиглэлээр суралцав. Анхандаа уран барилгын урлагийг шимтэн сонирхдоггүй байсан түүнд  Лусиу Коста гэдэг залуухан багш хүчтэй нөлөөлсөн аж. 1930 онд дээд курст байхад сургуулийнх нь захирлаар томилогдож ирсэн Лусиу Коста хотын барилга байгууламжийн зураг төсөлд уран зургийн содон хэв маягийг шингээх санааг дэвшүүлжээ. Түүний сонин шийдэл, өвөрмөц санал нь Оскар Нимейерийн анхаарлыг татжээ.
Удалгүй  Коста  өөрийн урланг үүсгэн  байгуулав. Чухам энэ үеэс дэлхийн уран барилгын шинэ хандлагыг  эхлүүлсэн хоёр залуугийн уран бүтээлийн нөхөрлөл эхэлжээ. Оскар Нимейер, Лусиу Костатай 1936 онд анхны бие даасан зураг төслөө хийв. Дараа нь Бразилийн Эрүүл мэндийн яамны барилгын зураг төсөл гаргасан нь Нью-Йоркт болсон олон улсын уран барилгын үзэсгэлэнд тэргүүн байр эзэлсэн байна.

Эндээс түүний гайхамшигт уран бүтээлийн түүх эхэлсэн ажээ. Тэрээр  Рио де Жанейрогийн нэр хүнд  бүхий  банк, зочид буудал, эмнэлэгийн барилгын зургийг гаргаад зогссонгүй НҮБ-ын төв байрны зураг төслийг ахлан удирдсан байна. Мөн Бразилийн Пампильу нуурын эрэг дэх төв цэнгэлдэх хүрээлэнгийн эх зургийг бүтээжээ.
Түүний ХХ зууны уран барилгын бүхий л содон хэв шинжийг шингээсэн хувийн байшингийнх нь зураг төслийг олон улсын архитектурын сурах бичигт оруулсан байна.
Оскар Нимейерийг орчин үеийн Бразилийн уран барилгын түүхийг үндэслэгч, төмөр бетон барилга байгууламж  барих олон арван инженерийн мөрөөдлийг амьдралд хэрэгжүүлэгч гэж үздэг.


Бразилийн сүм. /1970 онд баригдсан . Cathedral of Brasília/


 
Түүний бүтээсэн үзэсгэлэнт, сүрлэг байгууламжийн нэг нь Бразилийн Христийн сүм юм.
Энэ сүм нь уран сэтгэмжийн хэтрүүлэг бүхий 16 бетонон баганаас бүрдсэн, тус бүртээ 90 тонн хүнд жинтэй. Сүмийн урд байрлах хүрлээр хийгдсэн барималууд нь 3 метр өндөр Эвангелийн сүмийн 4 санваартанг /апостол/ бэлэгдэх бөгөөд барималч Данте Кросэ 1968 онд бүтээсэн юм.
20 метр өндөр хонхон цамхаг нь 4 том хонхтой. Сүмийн орох хаалгa нь хонгилоор орох бөгөөд гэгээн  Маригийн амьдралаар зурагджээ.
Мөргөлийн гол танхимд 3 сахиусан тэнгэрийн баримал төмрөн кабелиар /холбоос/ өлгөгдсөн байна. Хамгийн богино нь 2.22 метр урт 100 кг жинтэй, дундах нь 3.4 метр урт 200 кг жинтэй хамгийн том нь 4.25 метр урт 300 кг жинтэй ажээ.
Сүмийг тойроод 12 метр өргөнтэй 40 см гүн усан сан байрлана. Энэ нь сүмийг сэрүүн байлгах зориулалттай. Жуулчид усан сан доогуур явж сүмд нэвтэрнэ.
Зочин гийчид харанхуй хонгилоор явсны дараагаар маш тод гэрэл дээврээс тусдаг. Гаднах дээвэр 16 ширхэг шилэн хуванцраас бүрдэнэ. Тус бүртээ 10 метр өргөн сууриндаа 30 метр урт бетонин баганын  дундах оруулга байрладаг.
Тэрээр  Гана, Франц, Ливан, Итали, Алжир зэрэг олон орны барилга байгууламжийн зураг төслийг гаргажээ. Түүний барилгын хэлбэр бөмбөгөр, пирамид, сумын үзүүр шиг шовх гээд янз бүр байдаг.
Оскар Нимейер “ Уран  барилга бол  яруу найраг юм. Тэрээр хүнд гэрэл гэгээ хайрлаж, сэтгэл санааг нь тэнүүн талбиун байлгах илч дулааныг түгээх ёстой” гэж үздэг байв.                                                                                   
Дэлхийн уран барилгын урлагт шинэчлэл хийсэн тэрээр амьдралдаа хоёр удаа гэрлэж, таван охин, таван зээ, 13 гуч, таван жичтэй болсон нэгэн.
1928 онд Аннита Балдотай гэрлэжээ. Ерэн есөн насандаа өөрөөсөө гуч гаруй насаар дүү Вэра Лусиа Кабриэратай гэрлээд, “Амьдрал зогсолтгүй үргэлжлэх ид шид нь ач гуч, үр хүүхэд шигээ “төрүүлж өсгөсөн” бүтээл туурвилд оршдог” гэж хэлсэн байна.


 
Тэрээр 2002 онд Copacabana студидээ өөрийн хийсэн сандал дээр тухалж байна

Оскарыг ийм өтөл насандаа гэрлэх болсныг шүтэн бишрэгчид, ивээн тэтгэгчид битгий хэл эгэл жирийн нэгэн ч доог тохуутай хүлээж  авсан. Гэвч үнэндээ бол Вэра Лусиа Кабриэра түүний нарийн бичгийн даргаар он удаан жил итгэл зүтгэлтэй хамтран ажилласны талархал болгож өөрийн өмч хөрөнгийн тодорхой хэсгийг өвлөн үлдээх гэсэн өгөөмөр сэтгэл нь байсан юм билээ. Бүтэн зууныг биеэрээ үлгэрлэн дагуулсан алдарт архитекторч Оскар Нимейер 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 105 насандаа  бурханы оронд заларчээ.
Тэрээр нэгэнтээ “Би хүүхэд байхаасаа ямар нэгэн өнцөг буланд дургүй байлаа. Ихэвчлэн зууван, гонзгой дүрс зурна. Шулуун өнцөг болон шулуун зураасууд маш хатуу бөгөөд уян биш байдаг. Би чөлөөтэй, мэдрэмжтэй, нугалаасанд дурладаг. Миний хайж буй нугалаасууд миний нутгийн уул, голд, давалгаалж буй тэнгист, мөн дурласан бүсгүйн биенд бий. Нугалаас бүх ертөнцийг бий болгоно” гэжээ.

 
1950 он. Оскар Нимейер гэртээ эхнэр Аннита Балдогийн хамт


НҮБ-ын төв  байшингийн загварыг хэлэлцэж байна. /Зураг төслийн зөвлөхөөр алдарт Ле Корбюзье хамт ажилласан юм/
 
Орчин үеийн урлагийн музей, Нитерой, Бразил улс

Нисдэг таваг шиг хэлбэртэй энэхүү орчин үеийн урлагийн музейн загварыг Оскар Нимейер, барилгын инженер Бруно Контарини нар гаргасан байна. Музейн барилгын өндөр нь 16 метр бөгөөд бөмбөгөр оройн диаметр нь 50 метр аж. Нитерой контемпорари музейг Бразилийн Рио де Жанейро хот дахь Гуанабарагийн булангийн байгалийн үзэсгэлэнг тольдохын тулд хадан дээр байгуулсан юм. 1996 онд баригдсан тус музейн барилга одоо хотын хамгийн гайхалтай газруудын нэг болжээ. Урт олс мэт үүдний хэсэг нь 60 үзэгчийн багтаамжтай үзэсгэлэнгийн танхимд хөтөлдөг. Нитерой музейд Бразилийн контемпорари урлагийн шилдэг бүтээлүүд уран баримал, нэхмэл, уран зураг зэргийг дэлгэн үзүүлдэг болжээ. Гэвч үзвэр нь байнга шинэчлэгддэг гэнэ лээ.

   
Испани. Олон улсын Оскар Нимейерийн соёлын төв


 
Оскар Нимейерийн музей

Гэртээ өөрийн хийсэн хадархаг буландаа суужээ. Доор зочны өрөөндөө эхнэр, ач хүү 2 нь харагдаж байна.

 
Бразилийн Боловсрол, эрүүл мэндийн яам


 
Лондон. Кенсингтоны цэцэрлэг дэх Серпентин галерей


     Copan байр
 
 
Бразил улс дахь ГХЯ-ны хүлээлгийн заал


 
Бразилийн Ерөнхийлөгчийн ордон

Уран баримал



 1986 он Рио-де-Жанейрод босгосон “Дахин хэзээ ч эрүүдэн шүүхгүй” баримал


   
1988 он. Вольта Redondaд 1988 оны ажил хаялтын үеэр амь үрэгдсэн гурван ажилчинд  зориулсан хөшөө
Оскар Нимейерийн ажлын ноорог, таталбар /эскиз, наброск/ нь сараачсан мэт маш ерөнхийлөлтэй ч төсөл гүйцэтгэхэд масштабын зөрөөгүй харьцаа нь тохирдог гэж инженерүүд бахаддаг байна.


 
1989 он. Латин Америкийн Иргэний талбайн Гартай  баримал


 
1995 он. Санкт-Анжело  Марко Престес багана


 
2001 он Парана.  Antonio Tavares Pereira гэх удирдагчид зориулж түүний алагдсан газар дээр нь босгосон хөшөө


 
2007 он. Парис Bercy Парк Эмэгтэй хүн бол цэцэг, эв санааны нэгдлийн баримал


Оскар Нимейер: Намайг зөв өнцөг, шулуун шугам бус уян хатан хэлбэр татдаг   
Үзсэн: 4042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2016-04-19 17:16
Молодец.Лумо
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-04-19 12:09
сайхан нийтлэл болжээ.Лумодоо баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй