
Уншигч та бүхэнд ховордсон амьтдын нэг болох усны булгын талаарх мэдээллийг хүргэе.
Усны булга нь Хойд Америкаас гаралтай, тэнд маш өргөн тархсан үнэт үслэг ангийн амьтан юм. Суусрын овгийн өмхий хүрэн, үен, солонгын төрөлд багтаж усны булга нэртэйгээр амьтны аймгийн нэр томьёонд орсон байдаг. Орхон, Сэлэнгийн сав, Эг, Үүр, Эрэн, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Зэлтэр, Шишгэд, Тэсийн голын сав дагуу өргөн тархсан махчин амьтны нэг юм. Биеийн төрх байдал, хэлбэр дүрсээрээ булга, суусар, өмхий хүрэнтэй ойролцоо нарийхан урт гуалиг биетэй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, ондатр, минж, халиуны адил хагас усны амьдралтай, усанд сэлэхдээ сайн, цэнгэг устай гол, мөрөн бараадан амьдарна.
Үндсэн хоол тэжээл нь загас, мэлхий, оготно, шувуу, өндөг, усны төрөл бүрийн хорхой шавж, хавч, зөөлөн биетэн зэрэг бөгөөд заримдаа ондатрыг хүртэл барьж идсэн тохиолдол гарч байжээ. Эрэгчин булганы биеийн урт 38-58 сантиметр, биеийн жин нь 1.5-4 килограмм бол эмэгчнийх 33-49 сантиметр урт, 0.8-2.2 килограмм жинтэй байдаг. Усны булгыг үнэг, шилүүс, зэрлэгшсэн нохой, баавгай, халиу, зарим нэг махчин шувууд барьж иддэг. Голын эрэг доогуур нүх ухаж үүр хэвтрээ засаж амьдарна. Ороо нийллэг нь гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл явагдаж 5-6 дугаар сард дунджаар 5-6 зулзага төрүүлнэ. Зулзага нь 9-10 сарын дараа үржилд орох бөгөөд 10-12 жил насалдаг амьтан ажээ.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном
Усны булга 10-12 жил насалдаг | ||
Үзсэн: 7858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.