
Зүүн бүсээс Сүхбаатар аймгийн Түмэнцогтынхон “Монгол Улсын тэргүүний сумаар шалгарсан. Энэ сум тэргүүний сум болохыг тулд гурван жил дараалж нэр дэвшиж байжээ. Тэргүүний сум болох боломжтой учраас л Сүхбаатар аймгаас олон жил дэмжсэн хэрэг л дээ. Түмэнцогт нь аймагтаа төдийгүй улсад тэргүүлэх хэмжээний тохилог суурин. Сумын төвд байгаа 200 орчим айл орон сууцанд хананаасаа халуун устай, боловсон ОО-той байна. Орчин үед ийм сум ховор. Түмэнцогтыг анх байгуулахдаа ЗХУ-ын тусламжтайгаар барьсан. Оросууд энд газар тариалан эрхлэхэд хөрс нь үржил шимтэй, махны чиглэлээр үхэр өсгөхөд тохиромжтой нутаг хэмээн тооцоолж байсан юм билээ. 1970 оны үед Дорнод, Халх голын дагуу Оросын цэргийн ангиуд олноор байршиж, түүнийг дагасан орчин үеийн суурингууд баригдаж байсны нэг нь Түмэнцогт. Яг тэр үед 10 гаруй сангийн аж ахуй байгуулагдаж байснаас одоо байшин барилгаа хэвээр нь авч үлдсэн ганц суурин нь Түмэнцогт. Жишээ нь, Дорнод аймгийн Халхгол сум буюу тухай үеийн “Халх гол”-ын сангийн аж ахуйд одоо очиход Оросын барьсан 2-3 давхар саарал барилгууд нурж, байдаг зүйлийг нь тоночихсон, суурин дээр нь оготно үүрлэчихсэн байх жишээтэй.
Түмэнцогтын энэ хэдэн саарал байшинд ч ийм хувь заяа ойрхон байсан тухай нутгийн иргэд хэлэх юм билээ. 1990 оноос хойш улс орон даяар эдийн засаг хямарч багш ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байх тэр үед сумын төвийнхөө хэдэн орон сууцыг халаалттай хэвээр нь авч үлдэнэ гэдэг үнэхээр хүнд даваа байжээ. Тухай үед эрчим хүчний салбар өрийн сүлжээнд баригдчихсан. Уурхайгаас авсан нүүрснийхээ үнийг төлж чадахгүй 3-4 жил дамнадаг хүнд үе байлаа. Ядаж байхад Оросын уурын зуухнууд их өндөр өртөгөөр халдаг. Сард хэдэн тонноор нь нүүрс түлдэг байсан тухай Түмэнцогт сумын удирдлагууд ярьж байсан.
/Түмэнцогт сумын Засаг дарга асан Р.Арсланбаатар/
1994 оны үед сум тэр чигтээ хөлдөж, төвийн халаалттай байсан айлууд хөнжлөө нөмрөөд гудамжинд гарахын даваан дээр тухай үед сумын Засаг дарга байсан Р.Арсланбаатар аав, ээжээсээ өвлөж ирсэн хос алтан бөгжөө өгч байж Бэрхийн уурхайгаас хэдэн тонн нүүрс авчирч байжээ. Ийм түүхтэй сум Монгол Улсын шилдэг сум болжээ.
Сумандаа халуун, хүйтэн устай холбогдсон орон сууцанд амьдарна гэдэг олон хүний мөрөөдөл шүү дээ. Засгийн газраас шинэ сум хөтөлбөрийг эхлүүлж, 10 орчим суманд инженерийн дэд бүтцийн асуудал шийдэгдэж, эхний удаад нэг суманд 50 орчим айл халуун, хүйтэн устай болох боломжтой болж байгаа тухай дуулдсан. Үүнд улсаас 5 тэрбум гаруй төгрөг зарцуулж байгаа. Зарим сум олон улсын байгууллагаас тусламж дэмжлэг аваад ч олигтой болохгүй байгаа тухай дуулдах юм билээ. Энэ ажил саяхнаас буюу 2012 оноос хойш л идэвхжих болсон. Огт хоосон газар цэвэр ус түгээх эх үүсвэр, цэвэрлэх байгууламж бариад дулааны шугам татах тийм ч амар ажил биш бололтой. Харин Түмэнцогт сумын иргэд ийм тохилог орчинд 40 орчим жил амьдарчээ. Мэдээж Түмэнцогтыг өдий зэрэгтээ авч үлдэхэд Арсланбаатараас гадна олон хүний гавьяа бий. Энэ удаа дурьдсан жишээ нь л энэ хүн. 1990 оны сүүлээс эхлээд хөдөө орон нутаг эзгүйрч, сум хаягдаж эхэлсэн. Үүнийг харж, зохицуулах бодлого ч төрд байхгүй болсон. Сумаас гарсан л хүн бараг эргэж очдоггүй байлаа. Одоо ч зарим газар тийм хэвээрээ л байна. Бүгд хот сууринг зорьсон энэ үед сумаа хөгжүүлье, ирээдүйд миний хүүхдүүд энд амьдарна гэсэн гэгээн хүсэл мөрөөдөл Түмэнцогтын үе, үеийн удирдлагуудад байсан нь энэ сумыг одоо сайхан харагдуулж байна. 1990 оны сүүлээр дэлхий даяар эдийн засаг хямарч, энэ нь БНСУ-д нөлөөлж эдийн засгийн хүнд цохилтод ороход иргэд нь өөрт байгаа бүх зүйлээ улсдаа тушааж эдийн засгаа босгож байсан жишээг бид бүгд ярьдаг. Гэтэл яг энэ үед сумынхаа төвийг дулаан байлгахын төлөө гарынхаа бөгжийг тайлж өгч байсан хүн одоо хэр нь бидний дунд амьдарч байгааг бид мэддэггүй юм билээ. Ийм хүн манай улсад олон бий дээ.
Р.Арсланбаатар: Сумынхаа иргэдийг дулаан байлгахын төлөө хос бөгжөө тайлж өгч байлаа | ||
Үзсэн: 1558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.