Шууд Chart

Д.Дагвадорж их аварга Чиёнофүжигийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ

2016-08-04 18:38:51

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Чиёнофүжи 61 насандаа тэнгэрийн орноо заларлаа. Тэрээр өнгөрсөн ням гарагт Токиогийн их сургуулийн эмнэлэгт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Түүний өвчний оношийг эмч нар нойр булчирхайн хорт хавдар хэмээжээ. Чиёнофүжи ид барилдаж байхдаа эзэн хааны цомыг 31 удаа хүртсэн байдаг. 

“Чоно” хочтой тэрээр 1955 онд Хоккайдо мужийн Фүкүшима хотод мэндэлжээ. 1970 онд 15 настайдаа мэргэжлийн сүмод хөл тавьсан агаад 1981 онд сүмогийн хамгийн дээд ёкозүна цолыг хүртсэн түүхтэй. Тэрээр 1991 онд зодог тайлснаасаа хойш “Коконоэ” дэвжээг хариуцан ажиллаж байсан юм.

Түүнээс олон арван сүмоч үлгэр дууриал авдаг байсны нэг нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж юм. Тэрбээр түүний гэр бүлд фейсбүүк хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлэхдээ “Мэргэжлийн сүмогийн амьд домог минь. Тал нутгийн балчир хүүгийн зүүдэнд ирсэн баатар минь. Ялах ялалтын утга учрыг ойлгуулсан багш минь. Ялсныхаа дараа бие бие рүүгээ харан ирэмдэг байсан хүндэт аварга минь. Хөх тэнгэрийн орноо ямар хурдан одно вэ та минь. Мэргэжлийн сүмод 48 дахь ёкозүна Тайхо, 58 дахь ёкозүна Чёонофүжи гэж байсан бол миний бие 68 дахь ёкозүна болсон. Тиймдээ ч би энэ тоог билэгшээдэг билээ. Хөх тэнгэрийн аваргууд минь төрсөн нутаг Хоккайдогийнхоо цэвэр агаар цэнгэг ус нь болж төрөөрэй. Мэй Ёкозүна минь би уйлахгүй ээ. Үргэлж хамтдаа (дохё дээр) байсан сайхан дурсамжаа ялалтын нүдний ирмэлтээрээ хөмхийгөө зуун инээн таныгаа үдье дээ. Хийморьт ЧОНО минь” хэмээн бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дагвадорж их аварга Чиёнофүжигийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ  
Үзсэн: 2073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mongol [103.10.20.xxx] 2016-08-16 17:22
Unheer saikhan bietei turmul buh baijee.

Бидэнтэй нэгдээрэй