
“Рио-2016” олимпийн наадам жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 48 кг-ийн жингийн барилдаанаар эхэлнэ. Энэ жинд дэлхийн шилдэг 23 жүдоч хүч үзэх юм. Иймд дээрх жинд хүч үзэх шигшмэл найман бөхийн товч танилцуулгыг хүргэе.
1. Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг 2012 оноос олимпийн цикльд хамгийн сайн барилдаж, тогтмол амжилт үзүүлж байгаа. “Лондон-2012” олимпод долдугаар байр, 2013 оны ДАШТ, 2014 оны Инчёоны Азийн наадам, 2015 оны Дэлхийн Мастерс, Улаанбаатар, Ташкентын гран при, Парисын гранд сламын аварга болсон. Риогийн дэвжээ түүнд ээлтэй. Учир нь тэрбээр 2013 онд Японы тамирчин Харуна Асамиг ялж дэлхийн аварга болж, Монголчууд бид анх удаа эмэгтэй дэлхийн аваргатай болж байлаа. Тэрбээр 48 кг-ын жинг тэргүүлэн барилдах бөгөөд сугалаа ёсоор “А” хэсэгт дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдэж буй БНСУ-ын тамирчин Жён Бо Кёнтой хамт орж байгаа.
2. Аргентины тамирчин Пауло Парето нь 2015 оны Астанагийн ДАШТ-ий алт, 2014 оны ДАШТ-ий мөнгө, “Бээжин-2008” олимпийн хүрэл, Пан Америкийн хошой аварга. Тэрбээр дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд “C” хэсгийг толгойлон барилдана.
3. Японы тамирчин Ами Кондо. Жүдо бөх сонирхогчид Япончуудыг алдарт бөх Харуна Асамиг Рио-руу явуулах байх хэмээх таамаглаж байсан ч түүнийг гэрт нь үлдээж, Ами Кондог сонгосон. Тэрбээр 2014 оны Челябинскийн дэлхийн аварга, 2015 оны Астанагийн дэлхийн аваргын хүрэл, 2015 оны Токиогийн гранд слам, 2016 оны дэлхийн мастерсийн аварга. Тиймээс олимпийн бэлтгэл сайн байгаа нь дамжиггүй. Чансааны гуравт эрэмблэгдэж байгаа тэрбээр “D” хэсгийг толгойлон барилдана. Түүнтэй Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Монгол Улсын тамирчин Галбадрахын Отгонцэцэг хамт багтаж байна.
4. Эзэн орон болох Бразилын тамирчин Сара Менезес нь “Лондон-2012” олимпийн наадмын аварга юм. Тэрээр нутгийнхаа дэвжээн дээр барилдах гэж буй нь бусад тамирчнаас сэтгэлзүйн болон хөгжөөн дэмжигчдийн хувьд илүү нөхцөл бүрдэнэ. Тэр 2010, 2011, 2013 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөгөөд дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмблэгдэж байна. “B” хэсгийг толгойлон барилдах түүнтэй Испанийн тамирчин Жулиа Фигуэроа нэг хэсэгт учраа тааран барилдана.
5. Испанийн тамирчин Жулиа Фигуэроа нь энэ онд тун сайн бэлтгэлтэй байгаа сураг дуулдсан. 2015 оны Парисийн гранд сламаас хүрэл, 2016 оны Бакугийн гранд сламаас алтан медаль хүртэж, дэлхийд чансаагаараа тавдугаарт эрэмблэгдэх болсон.
6. Казахстаны тамирчин Галбадрахын Отгонцэцэг нь 2016 онд үнэхээр сайн байгаа. Бараг оролцсон тэмцээн бүрээсээ медалийн оосор атгасан. Дэлхийд чансаагаараа зургадугаарт эрэмбэлэгдэж байгаа түүнтэй Японы тамирчин Кондо “D” хэсэгт хуваарилагдсан байна. Тэд өмнө нь нэг удаа таарч барилдахдаа Г.Отгонцэцэг түүнийг боох мэхээр муужирч унатал нь дарж, ялалтаар өндөрлүүүлсэн. Тиймээс нэг ялж болсон юм чинь хоёр дахиа болгоно л гэж үзэх нь мэдээж.
7. Унгарын тамирчин Эва Черновицки нь дэлхийд чансаагаараа долдугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Аргентины тамирчин Пауло Паретотой “C” хэсэгт хамт барилдана. Эва Черновицкигийн амжилтыг сонирхуулбал 2013, 2014 оны Европын аварга, 2015 оны ДАШТ-ээс шагналт долдугаар байр эзэлсэн.
8. БНСУ-ын тамирчин Жён Бо Кёнийг 2016 он гарсаар илт сайжирсан гэж хэлж болно. 2015 оны ДАШТ-ээс хүрэл, 2015 оны Гванжугийн оюутны Универсиад наадмаас алтан медаль хүртсэн тэрбээр “А” хэсэгт Монгол Улсын тамрчин М.Уранцэцэгтэй нэг зоонд хамт барилдана.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шигшмэл найман бөхийг танилцуулъя | ||
Үзсэн: 5844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.