Шууд Chart

Хавьер Машерано Испанийн “Барселона” клубт 2019 он хүртэл тоглохоор боллоо

2016-10-19 11:59:51

32 настай Аргентин залуу Хавьер Машерано Испанийн алдарт “Барселона” клубтэй 2019 он хүртэл гэрээгээ сунгалаа. Түүний өмнөх гэрээ 2018 онд дуусгавар болох байсан юм. 2010 онд дөрвөн жилийн турш хүчин зүтгэсэн Английн “Ливерпүүл” клубыг орхиж, 18.7 сая фунтын үнээр Каталончуудын эгнээнд нэгдсэн Хавьер Алехандро Машерано Испанийн аваргуудын хамтаар долоо дахь улирлаа эхлүүлээд байна. Хамгаалах чиглэлийн хагас хамгаалалтын байрлалд тоглолдог түүний хувьд “Барселона” клубт ирсэнээсээ хойш 176 тоглолтод оролцжээ. Ингэхдээ Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-ийн тэмцээнд дөрвөн удаа, Испанийн цомын тэмцээнд гурван удаа, Супер цомын тэмцээнд гурван удаа, ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”, ЕХХ-ны “Супер цом”, ОУХБХ-ны клубуудын ДАШТ-д тус бүр хоёр удаа түрүүлээд байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд “Барселона” клуб эдгээр амжилтуудыг гаргахад Машерано багийн хамгаалалтын салшгүй нэг хэсэг нь байсан юм. Мөн багийн шилдэг довтлогч Неймар да Силва Сантос Жуниор энэ баасан гарагт “Барселона” клубтэй байгуулж буй шинэ гэрээндээ гарын үсэг зурах юм байна.

Энэхүү гэрээг үзэглэснийхээ дараа Машерано “Энэ бол миний “Барселона” клубтэй байгуулж буй сүүлийн гэрээ. Багийг орхиод олон жилийн дараа энэ хотод эргэн ирэхэд хөгжөөн дэмжигчид маань намайг халуун дотноор хүлээн авна гэдэгт итгэж байна. Энд өнгөрүүлсэн зургаан жил үнэхээр гайхалтай. Би хөлбөмбөгчин бүрийн мөрөөдлөөр амьдарч, энэ спортын бишрэм, сайхан бүхнийг мэдэрсээр байна. Түүнчлэн 2019 он болж, би багийг орхих үед илүү олон амжилтад хүрсэн байх болов уу” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Бэлтгэсэн: О.Сонинбаяр


Хавьер Машерано Испанийн “Барселона” клубт 2019 он хүртэл тоглохоор боллоо  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй