
Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай, МУГЖ Б.Сарантуягийн “30 жил урлагт” тоглолт болох гэж байна. “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлж, 16 настайдаа урлагт хөл тавьсан тэрээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд 21 цомог гаргаж, 22 бие даасан тоглолт зохион байгуулж, 6 удаа Монгол улсаа бүтэн тойрч, 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийжээ.
Ийнхүү 30 жилийн 600 гаруй уран бүтээлээсээ шигшсэн 30 дуугаараа 23 дахь бие даасан тайлан тоглолтоо хийхээр төлөвлөснөө өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Түүнтэй хамт UBS телевизийн захирал, МУГЗ Л.Балхжав, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Ганчимэг, “On and off ’продакшнын захирал, УГЗ С.Ононбат нар хэвлэлийн хуралд оролцлоо.
Монголын хамгийн анхны бие даан уран бүтээл тууривсан эстрадын дуучин, анхны зурагт хуудас хэвлүүлсэн, анхны ковер дууг дуучин Н.Ганхуягтай хамтран хийж байсан, анхны тоглолтынхоо хэвлэлийн хурлыг хийж байсан уран бүтээлч, хамгийн анхны цомог, хамгийн олон цомог гаргасан дуучин юм.
Урлагийн ертөнц тэр дундаа рок попийнхны анхдагч нь байж, шинэлэг бүхний шанг татаж байсан тэрээр “эргээд харахад 30 жил гэдэг мэдэгдэхгүй хэрнээ хурдан өнгөрдөг юм байна” хэмээн дүгнэж байсан.
Рок попийн уран бүтээлчид түүний 20 жил дуулж буй “Хайрын бурхан” дууг нь “коверлон” түүний тоглолтод бэлэг болгохоор зэхсэнээ энэхүү хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан. Тоглолтонд Харанга, АЖ А.Долгор, Хөх тэнгэр, Хурд, Никитон, Камертон, Хар сарнай зэрэг хамтлаг дуучид оролцох бөгөөд 10 дугаар сарын 29-нд ганцхан удаа “Корпорэйт Конвэншн” зочид буудлын концертын их танхимд болох юм байна.



Б.Сарантуяа “30 жил урлагт” зүтгэснээ тайлагнана | ||
Үзсэн: 1766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.