Шууд Chart

Билгийн нүдээ гэж...

2022-11-16 10:29:17

Билгийн нүдээ гэж... Энэ тухай хүн бүхэн л боддог байх. Ямар нэгэн гайхамшигт нүдний тухай ухан бодож, эргэцүүлэн байх зуур олон сонин зүйл тархи оюунд эргэлдэх юм. “Монголын нууц товчоо”-нд гардаг даа. “...Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн бүлгээ.

Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хүлэг морьтой бүлгээ. Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добу мэргэн хоёр бүлгээ. Дува сохор, магнай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар харах бүлгээ.” ...хэмээчимхүй. Гурван нүүдлийн газар гэдэг ойрхон зай биш ээ... Ямар боловч Дува сохор бол магнай дээрх ганц нүдээрээ одооны баримжаагаар 45-60 км газрыг хардаг байжээ.

Нэг нүүдлийн газар гэдэг нь 15-20 км гэж тооцдог. Их л хол хардаг гэсэн санаа энд нуугдаж байна. Энэ билгийн нүд үү, эсвэл жирийн ил харах эрхтэн /нүд/ үү гэдэгт хэн ч хариу өгөөгүй. Билгийн мэлмийн тухай домог мэт зүйлүүд та бдиний дунд яригдсаар л байдаг даа. “Бурхантай нэгэн цагт хүмүүс хамт амьдардаг байсан. Бүтээгч эрх мэдлийг нь булаан авахын тулд түүнийг хөнөөх бүтэшгүй санаа хүмүүст төржээ. Хүмүүс бурхан тэднээс илүү хол хардаг, илүү ихийг мэддэгийг тэр үед мэдээгүй гэнэ. Бурханы төлөө муу үйл хийхийг завдагч хүнийг бурхан цээрлүүлэхийн тулд хүмүүсийн гурав дахь нүд буюу зөн билгийн чадварыг хаажээ. Гэхдээ зөвхөн өөрсдийгөө хөгжүүлсэн хүмүүст л тэр гуравдагч нүд буюу зөн билгийн нүднийх нь чадварыг үлдээжээ. Ийм л домог мэт яриа бий. Үлгэр домогт гурав дахь нүдийг “ажна”, чакра”, “үүрдийн мэлмий”, билгийн нүд” гэхчлэн нэрлэсээр ирсэн. Миний сэрж байгаагаар бодол нь нүдэндээ шингэж, далдыг хардаг болж, мэргэн түргэн, үзмэрч, гэгээнтэн, хувилгаан гэж олон янзаар нэрлэгдсэн тэр хүмүүст бурхан өөрийгөө хөгжүүлсний бэлэг болгосон гэж боддог. Тэр ч ёстой билгийн нүдтэй хүн дээ гэх үгсийг амьдрал дээр нэг бус удаа сонссон. Голдуу зураач урлаачийн тухай, зохиолч найрагчдын тухай ярих тохиолдолд энэ үг хэрэглэгддэг.

Та бидний сайн мэдэх Леонардо да Винчи үнэхээр билгийн нүдтэй хүн байсан гэдгийг дэлхий дахинаа шагшин магтдаг. Тэр Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд нотариатч Пьеро да Винчийн гэр бүлд мэндэлжээ. Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Тэр маш их хөдөлмөрлөдөг байв. Түүний хувьд харах мэдрэмж хамгийн чухал юм. Тэрээр бүх юмыг ажиглаж, тэр бүхнийгээ зурж, тэмдэглэдэг байсан. Түүний дэвтрүүдэд зургийг бичгээр, бичгийг зургаар гүйцэлдүүлж тайлбарласнаас ихэнх хэсэгт зураг байна. Тиймээс түүнийг шинжлэх ухааны тайлбарт зургийн "эцэг" гэж болно.

Хүний биеийн судалдаг байсан Леонардо да винчи хүний тархинд нүдтэй холбоотой бөөрөнхий хэлбэртэй онцлог нэгэн зүйл байдгийг баталжээ. Үүгээр сансарын энергийн урсгал нэвтрэх цонх болдог бөгөөд бүтээх онгодын үүд гэж үзжээ. Ингээд бодохоор та бидний сэтгэлд их ойрхон байгаа будда бурханыг зурахдаа хоёр хөмсгийн голд нь үнэт чулуугаар чимэглэдэг нь оргүй зүйл биш байх гэсэн бодол аяндаа төрнө. Энэ бол хүнд илүү ихийг мэдрэх харах гурав дахь нүд байгаа /байсан/ гэдгийг батлах мэт. Гурав дахь нүдийг илтгэсэн ийм зүйлийг Египетийн Сфинксээс ч харж болно. Хүн бүхэнд билгийн нүд бий. Тэр нь хөгжүүлсэн хөгжүүлээгүйтэй холбоотой. Магадгүй бурхан ч үүнд нөлөөлсөн байж мэднэ. Ер нь бурханы нүд билгийн нүд хоёрыг нэг л зүйл гэж ойлгодог. Билгийн нүд бол анхаарал төвлөрөлийн үр дүн. Бясалгал, даяанчлалын улбаа. Ингэж боддог. Ертөнцөөс ангижрахын торгон агшинд билгийн нүд эзэндээ үйлчилж эхэлдэг ч байж мэднэ. Хүн бүхэнд харах хоёр нүд илээр заяасан бол билгийн нүд нь сэрэх сэрэмж, бодох бодомж, тархи оюуны чадамжаас шалтгаалан их бага аль нэг хэмжээгээр заяасан байх магадлал байна. Та бид нүдээ анисхийн бодолхийлдэг дээ. Энэ бол билгийн нүдээ дуудаж сэрээх оролдлого юм. Энд өөрийн оюун санаагаа төвлөрүүлж ерцөнцийн түмэн үйл явцаас түр авч ангижрахын арга ухаан гэж хэлж болно. Хэн хүчтэй бодож, өөрийгөө тусгаарлаж чадсан нь билгийн нүдээ нээхэд ойртож байна гэсэн үг л дээ. Бас ч билгийн нүдээ ажиллуулахын эхний нэг шат бол төсөөлөл байж мэдэх юм. Та бидний хэн нь ч амьдрал дээр аливаа зүйлийг ер үзээгүй зүйлээ ч төсөөлдөг. Миний төсөөлж байгаагаар гээд ярьдаг. Тэрхүү төсөөлөл бол оюун санаанд нь бууж байгаа тухайн зүйлийн хэлбэр хэмжээ дүр дүрслэл юм л даа. Энэ бол сайн хөгжүүлээд ирвэл билгийн нүдээ хөгжүүлэх анхан шатны дасгал ч байж мэднэ. Би ингэж боддог. Хэн илүү дүрсэлж төсөөлж байна. Тэр л сайн зурдаг, сайн сийлдэг, бас сайн бичдэг байхыг үгүйсгэхийн аргагүй. Энэ бүхний цаана билгийн нүд л үйлчлээд байх шиг ээ. Тэгээд ч уран бүтээлчдийг зүгээр л “билгийн нүд”-тэй гэж магтаагүй байх аа. Манайхан чамгүй сайн мэдэх болсон. Ошо гэдэг бясалгагч гэгээрэгч байна.

Энэ хүн Энэтхэгийн гэгээрсэн их мастер гэж дэлхий даяар алдаршаад байгаа юм. Шри Ражниш нэрээр 600 гаруй ном 30 гаруй хэл дээр хэвлэгдсэн байдаг. Энэ бол та бдиний мэдэх Ошо юм шүү дээ. Түүний шавь нар нь багшаа “О” хэмжээлшгүй талархал, “ШО” хандлага эрмэлзлээ өргөжүүлэх хэмээгээд түүнийгээ Ошо-далай” гэсэн утгатай гэж тайлбарладаг. Ошо билгийн нүдний тухай чамгүй их сургадаг хүн. Бясалгалын хүчээр энэ нүдийг нээж болно гэсэн эрмэлзэлтэй. Түүнийгээ шавь нартаа сургадаг нэгэн. Тэрээр “ Нүдээ аниад, хоёр хөмсөгний чанх дундах цэг рүү анхаарлаа чиглүүл. Нүдээ аньсан боловч харж байгаа мэтээр.Энэ бол анхаарал сэргэг байх хамгийн энгийн арга. Биеийнхээ аль ч хэсэгт чи үүн шиг хялбархан төвлөрч чадахгүй байх. Боргоцой булчирхай өөрөө чамайг дэмжиж, анхаарлыг чинь соронзон мэт татна. Тантарын хуучин сурвалжид “Анхаарал бол гуравдахь нүдний хоол” гэж онцолжээ.Тэрээр төрлөөс төрөл дамжин өлөн зэлмүүн явж ирсэн. Анхаарч, хооллох юм бол амилж сэргэх нь дамжиггүй. Анхаарлаа жаахан юүлэхэд л соронзон хүч үйлчилдгийг нэгэнтээ мэдвэл тэнд төвлөрөхөд хэцүү биш болно. Гагцхүү зөв цэгээ олох хэрэгтэй. Нүдээ аниад, хоёр нүдээ төв рүү явуулж, уг цэгийг мэдэр. Цэгт ойртох үед гэнэт нүд чинь тогтох болно. Нүдээ хөдөлгөхөд хэцүү байгаа бол чи зөв цэгт хүрчээ гэж ойлго...” гэсэн байдаг. Энэ юуг хэлээд байна. Билгийн нүд буюу гуравдагч нүд хүн бүхэнд бий түүнд хүрэх арга нь төвлөрөл гэдгийг л хэлээд байна. Төвлөрөлийн төгс хэлөэр бол бясалгал. Монголчууд бясалгалын дасгал хийх нь бас ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Бясалгалын эцсийн үр дүн тархины ачааллаа чөлөөлөх, бие сэтгэхүйгээ амраах, хамгийн гол нь ертөнцийн муу муухайгаас, орчныхоо аливаа эрсдэлээс өөрийгөө чөлөөлөхөд оршдог. Яг бясалгал гэж юу вэ гэсэн асуултанд одоохондоо бясалгалыг дэмжигчид, хөгжүүлэгчид дараах тодорхойлолтыг хэлж баына. Энэ нь Бясалгал гэдэг нь аливаа зүйлд хандах сэтгэлийн аятай таатай хандлага, төлөв байдалд өөрийгөө сургах арга.” хэмээжээ. Үүний үр дүнд билгийн нүдээ хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл явц буй болдог. Билгийн нүд бол зөн өилгийн үргэлжлэл юм. Зөнч мэргэн гэж ярьдаг. Зөнтэй хүүхэд гэж хэлдэг. Зөв совин татаад гэж ярьдаг даа... Энэ нь үнэндээ цаад утгаараа билгийн нүдээрээ харах тухай юм. Билгийн нүд гэдэг үнэндээ бол цахиурын эрдэс хольц бүтцэд нь орсон тийм нэг булчирхайны үүдэлтэйг олон хүн ярьдаг. Түүнийг зарим нь бөөрөнхий булчирхай, зарим нь боргоцой булчяирхай гэж нэрлэдэг.

Энэ булчирхай духны цаад харалдаа хэсэгт байдаг тухай я ярьдаг. Цахиур гэдэг нь орчин үеийн мэдээллийн цахим хэрэгслийн гол түүхий эд болж өгдөг. Цахиур (Латин: silicium) нь Si гэж тэмдэглэгддэг химийн элемент юм. Атомын дугаар нь 14. Орчлон ертөнцийн хэмжээнд найм дахь, дэлхийн царцдаст хоёр дахь (хүчилтөрөгчийн дараа) өргөн тархалттай элемент болно. Дэлхийн царцдасын 25.7% - ыг (массын) цахиур бүрдүүлнэ.Цахиурыг шил, цемент, эмнэлэгт хэрэглэхээс гадна, хамгийн гол нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Цахиур нь ургамалын, ялангуяа өвслөг ургамлын метаболизмын үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол цахиур гэдэг элементийн тухай товч тодорхойлолт. Энэ тодорхойллотыг ажиглаад байхад “...хамгийн гол нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ.” гэсэн утга дурайгаад байна л даа. Транзисторыг цахиур г.м. хатуу материалаар хийдэг. Цахиур бол газрын гадаргын ¼-ийг бүрдүүлдэг, маш элбэг байдаг элемент юм. Ингээд л нэг нь нөгөөгөөсөө урган гарах гинжин мэдээллүүд бидэнд юуг хэлээд байна. Билгийн нүд буюу гуравдагч нүдний тухай л өгүүлээд байна л даа. Тэгтэл Эрнст Рифгатович Мулдашев гэдэг эрхэм хүний тухай ярихаас өөргүй болдог. Насаараа нүдний мэс засал хийж, хүмүүст гэрэлт амьдрал бэлэглэсэн хүн.

Дэлхийд алдартай Оросын нэрт эрдэмтэн. Дэлхийн 40 гаруй оронд лекц уншсан. Тэр жилд 300-400 хүнд нүдний мэс засал хийдэг. Энэ хүн мэргэжлийн нүдээр “нүдийг” олж харсан төдийгүй нүдээр дамжуулан ертөнцийг танин мэдэх, хүний үүсэл гаралд шинэ мэдээлэл хүргэх тэр онцгой мэдэгдхүүн мэдлэгийг бүтээсэн. Түүний бичсэн, дэлхий дахиныг шуугиулсан “Хүн мичнээс үүсээгүй” номын 126-р талд “Төвдийн нэгэн нэрт эрдэмтний хэлснээр бол ганцхан Будда л “билгийн нүд”-тэй байсан Хүмүүсийн билгийн нүд муу хөгжилтэй. “Билгийн нүд” нь Буддад ч нүд шиг харагддаггүй байсан. Гэхдээ хүмүүс Буддагийн духнаас гарсан гэрлээр түүний нүдийг мэддэг байжээ.” ...гэсэн Энэ бол Балбын баруун хэсгийн жижигхэн хотод амьдардаг Бумба ламтаны үг. Тэгвэл Валерий Лобанков “...энэ бол сэтгэлийн энергийг гэрлийн энерги болгож байгаа үзэгдэл, “билгийн нүд бол тархины нэг хэсэг “ гэсэн. Үүнийгээ нарийвчлан тайлбарласан. Билгийн нүд нь нээгдсэн гэдэг үнэндээ бол үзмэрч гэгээрсэн хүний тухайд ихээхэн ойртсон үзүүлэлт юм л даа. Монголчууд билиг танхай яруу найрагч, ялгасан гэгээн, хувилгаан үзмэрч гэж авьяас чадвар нь хэтийдсэн хүнийг нэрлэдэг. Зүгээр нэг нэрлээгүй нь мэдээж. “Билгийн нүд”-ний тусламжтайгаар л сэтгэлийн энергийг шилжүүлж чадна гэж буддын шашин үздэг. Дээр бид сэтгэлийн энергийг гэрлийн энерги болгож байгаа үзэгдэл гэж үзсэн дээ. Үүнтэй дүйж байгаа биз дээ. Бас ч “билгийн нүд”-ийг хөгжүүлэх тухай олон хүн үзэл бодлоо илэрхийлсэн байдаг.

Ер нь “билгийн нүд”-ийг хөгжүүлэх хэд хэдэн шат байдаг. Хамгийн дээд шат нь самадид орохыг хэлж байна. Тэгвэл билиг гэдэг энэ үгийг тольд: Төрөлхийн оюун ухаан, оюуны чадамж өндөр хэмээн тайлбарлаад Найгах навч цэцгийг намрын хяруу хиртээх, нарийн билгийн ухааныг уурын мунхаг хиртээдэг. / Д.Равжаа/ . хэмээн жишээ татсан байна. Тэрчлэн билиг танхай (өвөрмөц араншинтай, төрөлхийн онцгой сод авьяастан), билиг зүй (ардын авьяас билгийг судлах ухаан), билиг зүйч (ардын урлаг, соёл, авьяас билгийг судлагч), билиг авьяас ~ авьяас билиг [хоршоо] (аливаа зүйлийг сурч мэдэх, хийж бүтээх өвөрмөц, хурц ухаан чадвар) - Бяр чадлаа үзүүл, билиг авьяасаа дайчил. Алтай хайлах., ой билиг [хоршоо] (оюун ухаан), оюун билиг [хоршоо] (хүний нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, магадлах, бүтээх чадвар, оюун ухаан), эрдэм билиг[хоршоо] (эрдэм ухаан) - Өтөлж насживч ном судрыг уншиж, үргэлжид билиг эрдмээ нэмэгдүүлэхийг хичээ. Субашид., билгийн ташуур [хуучирсан] (урьдын цагт ёслолд хэрэглэж байсан нэгэн зүйл ташуур), *билиг зохиогоод завгүй [хэлц] (залхуу занг ёжилсон хэллэг). Тэгвэл үзмэрч хэмээх үгийг “Зөнч, бэлгэч, юмыг урьдчилан хэлэгч: үзмэрчид очих (өөрийн хувь заяагаа урьдчилсан хэлүүлэхээр, мөн тохиолдсон гай барцадын шалтгааныг олуулахаар үзмэр хийдэг хүн дээр очих) гэсэн бол гэгээрсэн хүн гэж “Ном үзэж гэгээрсэн хүн”-ийг хэлдэг хэмээн тайлбарласан байдаг. Энэ бүхний ард билгийн нүд бол өөрийгөө боловсруулан хөгжүүлж бясалган төвлөрүүлсний үр дүн мөн гдэгийг л хэлэх гээд байна. Оюун санаагаа төвлөрүүлж сэтглэийн нүдээ нээнэ гэдг үнэндээ “билгийн нүд” буюу гуравдагч нүдний хөгжилд очиж холбогдоод байна. Ингээд бодоод сүлжээ ухаарлуудыг харьцуулаад байхад билгийн нүд бол оюун ухааны нүд болой. Хүний оюун ухаан хөгжлийнхөө тухайн нэг цэгт хүрээд гэгээрч, сэтгэлийн эрчимээ гэрлийн эрчимд шилжүүлэн “гурван нүүдлийн газар”-ыг харах хэмжээнд хүртэл хөгжихийг хэлээд ч байх шиг ээ. Бас ч тархины нэгээхэн хэсэгт бүр тодруулвал духны харалдаа гүнд орших боргоцой булчирхайн хөгжил үүнийг замчлагч нь гэж хэлж болно. Билгийн хараа хурц байх нь өөрийгөө төвлөрүүлэн оюун санаагаа зангидан нэг чигт анхааралтай хандахыг л хэлээд байна. Тийм ч болохоор бидний өвөг дээдэс даяанчлан агуй оромжинд сууж номын шидийг бясалгаж өөрийгөө “самади” хэлбэрт ортол сууж гэгээрдэг байсан. Билгийн нүдээ нээж байгаа нь тэр буюу...

2015 оны 10 дугаар сар 18


Билгийн нүдээ гэж...  
Үзсэн: 1631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-11-23 20:54
бгэббьгэбаырбонэбнббэнлннёөөөнөьрнөонгжньгнбрььттрнжнгббэгобэгрогэжоэгббэтгбэгь

Бидэнтэй нэгдээрэй