Шууд Chart

Амрах уу, ажиллах уу

2016-12-07 10:00:05

/Сэдвийн сурвалжлага/

Улс тунхагласан өдөр гээд бас л амарна гэсэн үү. Шинэ жил дөхөөд жаахан ажил орж ирэх гэхээр.  Бас л түрээслүүлэгч нь хаагаад явчих юм байна л даа” Нийслэлийн Баянгол дүүргийн Ахуйн  үйлчилгээний байранд өрөө түрээслэн  оёдол хийдэг хүүхэн ийн бухимдангуй  ярилаа.  Түүнийг  хамт  ажилладаг хийгээд зарим үйлчлүүлэгч нь дэмжив. “За амрах нь амарна л биз, ажлаа хийж хэдэн  төгрөг олох минь” гэх нь ч хажуугаас дуулдлаа.   

Нээрээ ч хямралыг ажиллаж байж давдаг баймаар” гэж бодсон би дотроо дуугүйхэн тэднийг дэмжив. 20-иодхон хоногийн өмнө Чингис хааны мэндэлсэн өдөр, өвлийн тэргүүн сард амарсан  болоод ч тэр үү, заримд нь амралтын өдөр ихэдсэн санагдаж байж болох. Ийм бодол “Амралт  нэмэгдэх тусам ашиг, алдагдлын  аль нь жин дарах бол гэсэн асуултад хариу хайхад  хүргэв.     

Шинэ жил, Цагаан сар, Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр, Хүүхдийн баяр, Үндэсний  баяр наадам, Чингис хааны  мэндэлсэн  өдөр,  БНЗасаглал  тогтсон өдөр,  Үндэсний  эрх чөлөөний өдөр гээд энэ онд манай улс бүх нийтээрээ 14 хоног амрах нь. Дээр нь дөрвөн жилд нэг тохиодог УИХ, Орон нутгийн сонгуулийн өдрийг нэмвэл энэ жилийн бямба, ням гарагаас бусад албан ёсны амралтын өдөр 16 болж байна.  

Дээр нь энэ онд бямба, ням гарагийн амралтын 105 өдөртэй. Ингээд тооцвол жилийн 365 хоногийн 121 хоногт нь бид албан ёсоор амарна.

Амралтын өдөр сүүлийн 5 жилд 6 хоногоор нэмэгджээ

2012 онд байгуулагдсан УИХ Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож хуульчлав. Мөн сар шинээр  бүх нийтээр амрах өдрийг нэг хоногоор, Ардын хувьсгалын баяраар амрах  өдрийг  хоёр хоногоор нэмэх шийдвэрийг  жил дараалан гаргав. Харин БНУ тунхагласан  баярын өдрийг 2012 оны сүүлээр “энгийн  тэмдэглэлт  өдөр”-т шилжүүлснийг энэ онд байгуулагдсан УИХ сэргээх шийдвэр гаргаж, бүх нийтээр дахин  амардаг болов.

Энэ бүхнээс харахад улс орон даяараа бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр 2011 оны 11 сараас хойш, сүүлийн 5 жилд 6 хоногоор нэмэгдсэн байна. Мөн хэн, ямар улс төрийн хүчин эрх барьж байгаагаас шалтгаалан бүх нийтээр баярлан тэмдэглэх өдрүүд ч тогтвортой биш, өөрчлөгдөх өнгө аястай болж буй нь ч ажиглагдах болов.

Амрах шийдвэрийг гэнэт гаргах  нь хохиролтой

УИХ өнгөрсөн 5 жилд бүх нийтээр амарч тэмдэглэх  баярын  өдрийн шийдвэрийг  ямар хугацааны  өмнө  гаргаж  байсныг “НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙхуулийн нэмэлт өөрчлөлтөөс  харъя.   2011 оны  11-р сарын  29-нд  Үндэсний эрх чөлөөний  баярыг  амарч тэмдэглэхээр 6 хоногийн өмнө тус хуулинд өөрчлөлт оруулав. Үүнээс хойш цагаан сарын амралтын өдрийг  хоёр хоногоор сунгахаас  бусад бүх  шийдвэрийг  хоёроос  зургаа хоногийн  өмнө гаргасан байх юм. Тодруулж хэлбэл, бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн шийдвэрийг   48-144 цагийн өмнө гаргаж, хуулинд өөрчлөлт оруулж байсан гэсэн үг. Ингэж бүх нийтийн амралтыг  богино хугацаанд, гэнэт товлох нь аж ахуй эрхлэгчдэд, ялангуяа үйлчилгээний байгууллагуудад   сөргөөр нөлөөлөх талтайг олонх нь хэлж байгаа юм.   

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Ерөнхийдөө хийх ажил их, бүтээх юм олонтой улсад амрах өдөр цөөдөөгүй байх. Амарч байхад сайхан байх л даа. Гэхдээ урьдчилж төлөвлөх хугацаа хэрэгтэй байна. Өнөөдөр л гэхэд /11 сарын 26-нд/ сая болсон “Өглөөний уулзалт”-аас бусад  төлөвлөсөн бүх ажил зогслоо. Хойшлогдлоо. Амрах шийдвэрийг гэнэт гаргах нь ийм асуудалтай.

Амралтыг ашиг, алдагдлын аль нь дагах бол...

Монголчууд бид жилдээ 12 тэрбум доллартай тэнцэх дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Үүнийг  жилийнхээ  ажлын  өдөрт хуваавал нэг өдөр хийж бүтээх баялгийн хэмжээ гарна. 2016 оны  тухайд ажлын  244  хоногт  хувааж  болох юм. Ийм байдлаар нэг өдөр амрахад улс орон, хувийн хэвшлийнхэн ямар хэмжээний баялаг, орлогоо хойшлуулж байгааг тооцож  болно. Гэсэн ч бүх нийтээр амрах өдрийг эртнээс төлөвлөж чадвал тухайн өдөр хийх ажлыг бусад өдөрт шингээж болдгийг салбарын зарим төлөөлөл хэлж байна.  

Монгол Улсын Ерөнхиий сайд асан эдийн засагч Р.Амаржаргал:Ажлын 6 хоногийг 5 хоногт  шилжүүлснээр нэг өдрийн ажлын бүтээмж 15 хувиар нэмэгдсэн байдаг. “6 өдөр ажлаа дийлэхгүй байхад 5 өдөр болгохоор яах юм бэ бид” гээд асуудал гарч байсан л даа. Гэсэн ч ажлын нэг өдрийн бүтээмжийг бусад өдөрт шилжүүлж шийдэж болж байна. Тэр үеэс хойш Монголын эдийн засаг хэд дахин өслөө. Бүтээмж нэмэгдсэн, эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орсон гээд эерэг үзүүлэлт их байна. Тиймээс ажил, амралтыг эртнээс зөв зохицуулвал алдагдал багатай. Амралт дагаад  ресторан, үзвэр гээд үйлчилгээний зарим салбар сэргэдэг. Гол нь ажил, амралтаа л зөв хослуулж явах ёстой. Амарч байна гээд бусад зүйлээ сүйтгэчихдэг, эсвэл ажиллаж байна гээд эрүүл мэндээ  үгүй хийчихдэг байж  болохгүй л дээ.

Канадын Конкордиа их сургуулийн профессор, хөдөлмөрийн эдийн засагч Д.Лхагвасүрэн:  Тэгвэл бүх нийтээр амрах өдөр нэмэгдэх бүрт жижиг үйлчилгээний салбаруудын ашиг орлого буурах, уналтад орох эрсдэл өндөр байдаг гэж зарим нь үзэж байна. Нэг амралтын өдөр 0.005-0.3 хувь хүртэл хувиар эдийн засагт нөлөөлдөг гэдэг. Гэхдээ энэ тоо маргаантай. Учир нь  амралтын өдөр хотын төв дэх үйлчилгээний газрууд хаагдсан үед хүмүүс өөр газар мөнгөө зарна.   Амралтын үед нэг бизнес хаагдаж байхад нөгөө бизнес хэрэглэгчидтэй болно гэсэн үг.  Амралтын өдөр нэмэгдэх нь жижиг аж ахуйн нэгж, үйлчилгээний салбарынхны заримд цохилт болж байгаа байх. Тухайлбал, Улаанбаатарын нийт ажиллагсдын 70 орчим хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг. Тиймээс тэдний заримд эрсдэл дагуулж магадгүй. Гол нь амрах өдрөө  эртнээс зарлах нь ажлаа төлөвлөхөд амар. Дараа жилийн тэр өдөр, тэдэнд  амарна гэх байдлаар.  Гэтэл манайд тухайлбал, наадмаар яг хэд хоног амрах нь бүрхэг байж байгаад наадмын өмнөхөн  тодорхой болдог. Гэтэл наадмаар олон хоног амрах нь зарим аж ахуйн нэгжүүдэд илүү өртөгтэй байж болох юм. Учир нь уул уурхай, барилга, аялал жуулчлал гээд манай ихэнх салбар урин дулаанд л ажилладаг.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Амралтын өдөр нэмэгдэх нь иргэдийн орлогыг хумьж, улсын эдийн  засагт  тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Ялангуяа хийснээрээ  цалин авдаг иргэдийн  орлого шууд буурна. Ний нуугүй хэлэхэд,  ажилчид нэг өдөр илүү ажиллах юмсан, нэг өдрийн цалин илүү авах юм сан гэсэн л хүсэлтэй байгаа. Яаж таван төгрөг ахиу авах вэ л гэж бодож байгаа ш дээ. Монголчууд бидний амралт багадаагүй болов уу л гэж бодож байна. 

2016 оны улсын төсөв төлөвлөгөөг хийхэд амралтын хэдэн өдөр байх вэ гээд үндсэндээ амралтын өдрийг бүтээмж бий болгохгүй өдөр гэж тооцоод хасаад явдаг. Гэтэл амралтын өдөр нэмэх шийдвэр гэнэт гарч байна. Үүнээс гадна аймаг орон нутгийн захиргаа  архигүй, тамхигүй, машингүй гээд янз бүрийн “өдөр” гаргадаг болсон. Энэ бүхний цаана өгөөж бүтээмж, эдийн засгийн үр ашгийн тооцоо байдаг. Тухайлбал, “Авто машингүй өдөр” гээд зарлахад шатахуун түгээгүүрийн орлого буурна. Тэр хэмжээгээр улсад орох татвар багасна. Багш, эмч нарт өгөх ёстой орлого багасаж байна аа гэсэн үг. Үнэн хэрэгтээ бүгд холбоотой зүйл. Нэг даргын хүсэл эрмэлзлэлээр шийдэж байгаа асуудал улс орны эдийн засагт нөлөөлдөг гэдгийг ойлгох ёстой.  

Бусдын л адил амарч байна. Харин тэд хийчихсэн, бүтээчихсэн

Бүх нийтийн амралтын хоногийг ажлын өдрүүдэд шилжүүлэх, улс орныхоо тэмдэглэлт өдөр албан ёсоор амраах жишиг аль ч улс оронд бий. Энэ үзүүлэлтээр Европын улс орнууд тэргүүлдэг байна.  “Айкон” цахим хуудасны мэдээгээр Аргентин, Колумбачууд жилд бүх нийтээр 18-19 өдөр амарч баяраа тэмдэглэдэг бол Мексик, Их Британи улс 7-8  өдөр  амарч баярладаг. Харин Франц, Швед 11 хоног, ОХУ 12  хоног бүх нийтээр  албан ёсоор  амардаг байна. Мөн Япон улс жилд 15 өдөр амарч,   улс орон даяараа баярлаж цэнгэдэг байх юм. Манай улс эдгээр хөгжингүй улс орнуудынхтай адил жил бүр бүх нийтээр 14 хоног амарч баярладаг болоод байна. Улс төрийн сонгуулийн жилд амралтын өдөр 1-2 хоногоор нэмэгдэнэ. Өнгөц харвал, бид бусдын л адил ажиллаж, амарч байна.   Харин улсынх нь хөгжил,  хүн амын орлоготой нь харьцуулвал бусдын хүрсэн цэгт  очих  бидний  зам  дэндүү  урт. 

Хөдөлмөрийн эдийн засагч Д.Лхагвасүрэн: Хөдөлмөрийн бүтээмж, амралтын өдөр хоёрын хооронд хүчтэй сөрөг хамаарал байгааг харж болно. Испанид ажилгүйдэл маш өндөр, хөдөлмөрийн бүтээмж муу байна. Тэр хэрээр их амарч байна. Америк, Германд амралтын өдөр бага. Германд гэхэд л ажилгүйдэл бага, ажлын цаг их, хөдөлмөрийн бүтээмж өндөр. Эдийн засаг нь илүү өрсөлдөх чадвартай байдаг.

Амралт нэмэгдэх бүр ашиг, алдагдлын аль нь жин дарах бол... Энэ чиглэлээр  холбогдох яам ямар нэгэн судалгаа хийсэн байдаг эсэхийг тодруулахаар ХНХЯ-нд очлоо. Хэвлэлийн төлөөлөгч нь яамныхаа холбогдох газар, хэлтсээсээ 10 гаруй минут тодруулсны эцэст “Энэ чиглэлээр хийсэн  судалгаа  алга. Одоогоор хариу хэлэх боломжгүй” гэсэн юм

Тэгвэл уншигч та дээрх асуултад ямар хариу өгөх вэ. Амрах уу, ажиллах уу... Хариултыг танд үлдээе.

“Амралт нэмэгдэх тусам ашиг, алдагдлын аль нь жин дарах бол...” Энэ асуултад хариу хайж сурвалжилснаа хүргэхэд ийм байна.

Д.Даваадулам

Б.Отгон-Эрдэнэ

Нийтэлсэн: Д.Даваадулам

Амрах уу, ажиллах уу  
Үзсэн: 3507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mongol eh oron [66.181.184.xxx] 2016-12-08 15:52
ASEM -2017 on ed zasag mongol hund tsag bol mongol hun bur medej baina gej bodj baina
mongol eh oron [66.181.184.xxx] 2016-12-08 15:49
6 odor bolson deer mongol uls eh amardag bolch baina ene 2017 on 6 bolgoo ajiil bolgoo ene mongol zalhuu bolcho baina odoo mongol uls toloo gazar eh oron geseen setgelt mongol zaluuch mongol eh oron hamglaalt uldeej baina ene 15 jiil mongol uls en or orj baigaa bol 2017 on zaluus mongol en orno uul us gazar shoroo hairlah tsag bolj odoo mongol uls hel deedj mongol geseen setgelt bolj uui uurhai bar arh utaa buudaal bugd zogsooh tsag bolson mongolchuudaa zaluus eh oron hairlaah tsag bolson shuu 2017 on 1-15 sar mongol eh oron hairlaa

Бидэнтэй нэгдээрэй