
П.САЙНЗОРИГ: ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АСУУДЛЫГ НЭГ МӨР ШИЙДНЭ
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.
-Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж, Засгийн газарт хүргүүлээд байгаа. Чухам ямар шалтгаанаар уг хуулийг эргэж харах болсноо уншигчдад товчхон тайлбарлаж өгнө үү?
-Одоогийн мөрдөгдөж байгаа Цагдаагийн албан тухай хууль 2013 онд батлагдаж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэх явцад тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл гарч байна. Цагдаагийн албаны хуульд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг тус тусын хуулиар зохицуулахаар зааж өгсөн байдаг. Тухайлбал, хууль сахиулагчийн эрх зүйн байдал, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан боловч одоо хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, өдөр тутмын хууль сахиулах үйл ажиллагаа тодорхой стандарт, дүрэм, журамгүй явахад хүрч байна. Эдгээр асуудлыг шийдэх үүднээс шинэчилсэн найруулга хийх, нөгөөтэйгүүр төрөөс баталсан бодлогын бичиг баримтуудад туссан төрийн үйлчилгээг хүнд сурталгүй үзүүлэх, төрийн албыг мэргэшсэн тогтвортой байлгах шаардлагыг биелүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж, иргэдэд ойртсон, чирэгдэлгүй болгох зорилтыг дэвшүүлсний хүрээнд уг хуулийг эргэн харж байна.
-Хуулийн төсөлд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг дэмжиж, үйл ажиллагааг нь хуульчилсан зүйл заалтууд орсон байсан. Энэ талаар тодруулвал?
-Цагдаагийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль эсвэл сайдын, агентлагийн даргын баталсан журмын хэмжээнд үйл ажиллагаа нь зохицуулагдан, иргэдэд хууль сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа. Жишээлбэл, иргэдийн орон, байранд нэвтрэх, хууль ёсны шаардлага тавих зэрэг нь манайд хуульчлагдаагүй учир үл ойлголцол гардаг. Эдгээр асуудлыг хуульчлаад хэрхэн ажиллахыг журамлаж, стандарт дүрэм, журмыг зааж өгч байгаа. Ер нь эрх зүйн байдлын тухай хуулийг энэ хуулиар нэг мөр шийдэж өгье гэж байна. Учир нь, цагдаа онцлог алба болохоор тухайлсан асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлага зайлшгүй үүсэж байгаа юм. Эрх зүйн байдлын болоод үйл ажиллагааны асуудлыг Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж, боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт хүргүүлсэн.
-Алба хаагчдын эрх зүйн байдлын талаар шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгаж байгаа вэ. Хамгийн гол нь энэ хууль гарснаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэнд чирэгдэлгүй хүрэх зам хэр нээлттэй болох вэ?
-Яг энэ асуудлыг шийдэх хүрээнд хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр иргэдэд цагдаагийн үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэхээс гадна, тэдний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг яаж хангах, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг үе шаттайгаар эрх зүйн зохицуулалтын хувьд боловсронгуй болгох, тогтвор суурьшилтай, чадварлаг, мэргэшсэн цагдаагийн байгууллагыг байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ хуулийн төсөл чиглэсэн.
-Хөдөө орон нутагт томилогдож байгаа алба хаагчдын ар гэрт үүсдэг бэрхшээлийг боломжийн хэмжээнд шийдснийг хуулийн төслөөс харлаа.
-Цагдаагийн алба хаагч хөдөө орон нутагт ер хаана ч томилогдсон ар гэрийнхэн нь дагаад л явдаг. Тиймээс тэдний ар гэрийг ажлын байраар хангах зэргээр нийгмийн асуудлуудыг шийдэхээр тодорхой хэмжээнд тусгаж өгсөн.
-Зарим тохиолдолд цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад буруудах нь байна. Хууль зүйн яамнаас энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?
- Энэ бол анхаарах ёстой чухал асуудал. Цагдаагийн алба хаагчийн тодорхой үйл ажиллагаа хийх дэс дараалал, журам нь хуулийн хүрээнд зохицуулагдаагүй учир хууль хэрэгжүүлснийхээ төлөө буруутдаг, хариуцлага хүлээдэг асуудал байдаг. Журам тодорхойгүйгээс иргэдийн эрх чөлөөнд хэтрүүлэн халдах асуудал ч байна. Тиймээс эдгээр асуудлын тэнцвэрийг олоод хууль сахиулах ажиллагааг аль хүрээнд, ямар дарааллаар явуулах гээд бүгдийг тусгаж байгаа. Иргэдийн эрх чөлөө, алба хаагчдын эрх ашиг үйл ажиллагааны мөрдөх журам, хязгаарыг тодорхойлж өгч байна гэсэн үг.
-Алба хаагчдыг дахин мэргэшүүлэх, чадваржуулах тухай асуудал хэрхэн хуульчлагдаж байгаа вэ?
-Тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчний нөөцийг бэлдэх, түүний бодлогыг хэрхэн тодорхойлох нь чухал асуудал. Энэ талаар хуулийн төсөлд тусгасан. Алба хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх, олон улсын байгууллагад сургах, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах, бусад орны туршлагыг судлах, чадваржуулах чиглэлийн зохицуулалтуудыг ч бас тусгасан байгаа.
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирэх 2017 онд хэрэгжүүлэхээр зэхэж буй төлөвлөгөөнөөс товчхон дурдвал?
-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэддээ ойртуулах, дэмжлэг авч ажиллах, иргэдийн хяналтыг бэхжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж, бодлогын асуудлыг шийдээд явж байна. Өнгөрсөн дөрвөн жил ажиллаагүй Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Зөвлөлийн үйл ажиллагаа эхэлснээр цагдаагийн байгуулага, орон нутгийн удирдлагын ажлын уялдааг хангах нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхээр шат дараатай бодлого хэрэгжүүлнэ.
-Аливаа гэмт хэргийг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх нь чухал. Гэвч ямагт хөрөнгө, санхүүгийн хүндрэлтэй тулгардаг. Үүнийг цаашид салбарын яам хэрхэн анхаарах вэ?
-Улс орны эдийн засаг хүнд байгаа ч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил орхигдож болохгүй. Төсөвт тодорхой зардлыг суулгаж шийдвэрлүүлсэн. Цаашид шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдээд явна.
-Энэ үед Эрүүгийн хуультай холбоотой олон асуудал яригдаж байна. Үүнд тодорхой мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн парламентын үед батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль ирэх оны 7-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Гэвч гол суурь нь болсон Процессын хууль ёсчлон батлагдаагүй буцаагдсан. Энэ асуудлыг анхааралдаа авч, Эрүү, Зөрчлийн хуулиудыг хэрэгжүүлэх Процессын үйл ажиллагааны хуулиуд дээр ажлын хэсэг ажиллаад, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Эрүүгийн хуульд тус хуулийг нэг мөр хэрэгжүүлж, ойлгоход хүндрэлтэй заалтууд байгаа учир нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнөх буюу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм.
Ярилцсан цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн
П.Сайнзориг: Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын болон үйл ажиллагааны асуудлыг нэг мөр шийднэ | ||
Үзсэн: 1353 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.