
Өнгөрсөн сард болсон Олон Улсын Олимпийн хорооны тэргүүний сонгуулиар ялалт байгуулан сонгогдсон ерөнхийлөгч Томас Бах анх удаа Сочи хотод айлчилж, Олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцсан юм. Энэ удаагийн олимпийн наадмын бэлтгэл ажилд ОХУ 50 тэрбум ам доллар зарцуулж байгаа аж.
Олон улсын олимпийн хорооны тэргүүн Сочи хотын бэлтгэл ажил төлөвлөсөн хугацаандаа амжилттай явагдаж байгааг сайшааж, наадам амжилттай зохион байгуулагдана гэдэгт гүнээ найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Сочи хотод саатах үеэрээ ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Сочи хотын олимпийн наадмын үеэр ижил хүйстэн тамирчид болоод зочдыг ялгаварлан гадуурхахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Саяхан ОХУ-д насанд хүрээгүй иргэдэд уламжлалт бус бэлгийн чиг хандлагын талаар сурталчилахыг хориглосон хуулийг баталсан юм. Энэ хууль нь наадамд оролцох ижил хүйст бэлгийн чиг хандлагатай тамирчид хийгээд жуулчдад ч хамаарагдах болно гэж олон улс зовниж байсан юм.
Олон улсын Олимпийн хороо ОХУ ын засгийн газраас Олимпийн дүрэм тунхаглалыг хүндэтгэх тэр дундаа наадмын үеэр аль нэг төрлөөр иргэдийг ялгаварлан гадуурхахыг хориглох баталгааг хүлээн авсан гэдгээ ч мөн энэ үеэр мэдээлсэн юм. Мөн хүний эрхийг хамгаалах хяналтын байгууллага Сочи хотын олимпийн наадмын бэлтгэл ажилд гар бие оролцож байгаа цагаач ажилчдын эрх ноцтойгоор зөрчигдөж, цалин хөлсөө авч чадалгүй эх орон руугаа буцаагдах, хууль бус баривчилгаа газар авсныг анхааралдаа авах цаг болсныг анхааруулсан юм.
Одоогоос 2 долоо хоногийн өмнө Азербайджаны цагаач иргэн ОХУ-ын нэгэн иргэний амь насыг нь хохироосны дараагаар ОХУ-ын цагаачлалын хуулийг зөрчиж ямар нэгэн албан ёсны бүртгэлгүй амьдарч байгаа цагаач иргэдийг долоо хоног бүрийн Баасан гарагт баривчлах тухай шийдвэр гарсан юм. Энэ нь өнгөрсөн 6-р сард ерөнхийлөгч В.Путины гарын үсэг зурсан хууль буюу томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулах цогцолборын бүтээн байгуулалтын ажиллагаанд оролцох гадаадын ажилчдын тоонд хязгаар тавихгүй байхыг тусгасан хууль зөрчигдөж байгаа гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа юм.
Энэ хуульд тухайн барилгын компаниуд нь цагаач ажилчдыг шаардлагатай бичиг баримтаар хангах, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй хэмээн тусгасан юм байна. гэтэл цагаачлалын эсрэг бүлгийнхэн бүтээн байгуулалтын талбайд баривчилгаа явуулж, зарим игэдэд хоол унд өгөлгүй 3 хоног хорьсон зэрэг зөрчил гараад байгаа юм байна. Үүний дээр Сочи хотод амрач зугаалж байгаа Оросын иргэдэд ч таагүй байдал тохиолдож, гаднах дүр төрхөөр нь ялгаварлан гадуурхаж хэдэн цагийн хугацаанд ямар нэгэн тайлбаргүйгээр с аатуулсан хэрэг гарсан гэж тэдгээр хүний эрхийг хамгаалах байгууллагынхан мэдээлж байгаа.
ОХУ-ын холбогдох хуульд зааснаар сэжигтэн этгээдийг цагдаагийн байгууллага хамгийн дээд тал нь гурван цаг л саатуулах эрхтэй гэж тусгасан байдаг ч 300 гаруй иргэнийг нэг дор хэдэн өдрийн туршид задгай талбайд хонон өнжин саатуулсан хэрэг ч гарсан байна.
Сочид ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхахгүй | ||
Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.