Шууд Chart

Н.Ганхуяг: Монголыг дэлхийд анх Монголын театр таниулсан гэж би боддог

2017-03-27 17:58:09

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын УГЗ, урлаг судлалын ухааны доктор профессор, жүжиг киноны зохиолч, найруулагч Н.Ганхуягтай ярилцлаа.

- Театрын урлаг анх дэлхийд болон монголд орчин цагийн театр үүссэн талаар ярина уу?  

- Дэлхий дахинд Олон Улсын театрын өдрийг 1961 оноос хойш тэмдэглэдэг болсон түүхтэй. Тэр үед Францын нийслэл Парис хотноо алдарт жүжигчин Сара Бернарын Үндэсний театр гэж нэрлэдэг байсан театрт дэлхийн 40 гаруй орны уран бүтээлчид наадам явуулж эндээс Олон Улсын театрын өдрийг тэмдэглэдэг байя гэсэн шийдвэр гаргасан. “Энхтайваныг бэхжүүлэх, Харилцан ойлголцлын төлөө” гэдэг уриан дор анх нээгдсэн. Орчин цагийн театрын түүх 1920-иод он, Улсын төв театр 1931 оноос байгуулагдсан үеээс эхтэй. Огт байгаагүй зүйлийг огт байгаагүй хөрсөн дээр авчираад тавьчихсан зүйл бас биш. Монголын ард түмэн театрын өнө эртний уламжлалтай ард түмэн. Ерөөлч, магтаалч, туульч, үлгэрч бүхэн бол театрын урлагийн хэлбэр. Туульч, ерөөлч нь гэхээр нэг хүний театрын үндэс байгаад байгаа юм.

Ардын харилцаа дуу гэдэг маань дүр бүтээж байна, хоорондоо харилцаж тоголж байна. Жүжигчинд байх, театрт байх бүх л шинж ардын харилцаа дуунд байж байдаг. Тэгэхээр энэ нь бас бичил театр юм. Ардын тоглоом наадгай, хуруу олох, оньсого таалцах гээд чоно тарвагацах тоглоом гэхчилэн бүгд ардын театрын үндэс байгаа юм. Туульчид сэтгэлийн оргилуун дэврүүн байдлаар дүрээ гаргаж илэрхийлдэг байхад үлгэрч хүмүүс сэтгэлээсээ намуухан байдлаар хүүрнэдэг. Эндээс жүжигчний тоглолтын янз янзын арга барилууд илэрч гарч ирж байгаа юм. Төрөл болгон онцлогтой. Монгол улсыг дэлхийд Монголын театр таниулсан гэж би боддог. 1933 онд манай зохиолч С.Буяннэмэхийн “Харанхуйн засаг” жүжгийг Москвад очиж тоглосон. 16 орон оролцсон театрын наадамд тэндээс 2-р байр эзэлсэн. Дөнгөж 2-3 жилийн өмнө байгуулагдсан театр очиж тийм амжилт байгуулна гэдэг бол санаанд багтамгүй том зүйлш дээ. Шороотын Цэвээн, Ичинхорлоо, Түдэв хуурч, Түгдэн гээд алтан үеийн жүжигчид тэнд байсан. Ер нь Монголын театрын уламжлал ардын дуу хуур, ерөөл, магтаал энэ бүхэн дээр суурилдаг учраас үзэгчид дуутай хууртай уран бүтээлүүдийг илүү сонирхон сонсдог, үзэх дуртай байсан. Иймд цаашдаа хөгжмийн талаа, дуу хуураа түлхүү оруулсан театр байх нь зүйтэй юмаа гэдгийг Маршал Х.Чойбалсан хэлсэн. Улс орны нөхцөл байдал ээдрээтэй эх орны дайн, халх голын дайн болж байсан 1940-өөд оны хүнд хэцүү үед түүхэнд тодорсон баатрууд, тэмцэгч хүмүүсийн дүрээр дамжуулж үзэгчидэд нөлөөлж, эх оронч үзэл төлөвшил суулгах нь төр засгийн бодлого болж ирсэн.

1940 өөд он Монголын театрын онцгой үе байлаа. Оргил үе ч гэж хэлж болно. Энэ үед манай алтан үеийн жүжигчид уран бүтээлээ ид туурвисан. Ядуу буурай оронд бурханаас юмуу дээд тэнгэрээс авьяаслаг хүмүүсийг илгээчихсэн юм шиг надад төсөөлөгддөг. Эдгээр жүжигчид өөр хоорондоо давтагдашгүй, бие биенээсээ асар ялгаатай жүжигчид. Уран сайхны бүлэгмээс Улсын төв театр луу дамжиж ирсэн гэвэл Дашзэвэгийн Ичинхорлоо, Ёндонгийн Шаравдоо, Донровын Намдаг,  арай наашилвал Сангижавын Гэндэн,  Чимэдийн Долгорсүрэн,  Буучийн Жигмэддорж, Зундуйн Цэндээхүү, Доржийн Цэрэндулам, Балдандоржийн Жадамбаа гээд нэр нь хүртэл овогтойгоо шүлэг шиг сонсголонтой, ийм том уран бүтээлчийг монголд заяасан байдаг. Алтан үеийнхний авьяас, бүтээл туурвилыг бишрээд бишрээд барахгүй. Би дандаа магтаж дурсаж ярих дуртай. Сүхбаатарын тухай өгүүлсэн жүжгийн зохиолын уралдааныг 1930-аад оны дунд үед зарлаад С.Буяннэмэхийн “Эрдэнэт соёмбын эзэн, эрэлхэг жанжин Д.Сүхбаатар” жүжгийн зохиол шалгарч жүжигт Цагааны Цэгмид гуай анх Сүхбаатарын дүрийг бүтээсэн. Мөн Мөрдэндэвийн Ядамсүрэнгийн “Монгол хүү” жүжгийн зохиол 3-р байр эзэлсэн. Д.Сүхбаатарын дүрийг 1942 онд киногоор анх гарсан гэж ойлгож болохгүй, театрт анх тавигдаж байжээ. Мөн 1942 онд “Хатанбаатар Магсаржав”, “Мандухай сэцэн хатан”, “Амарсанаа” гээд жүжгүүд гарсан. “Цогийн идэр нас” гэдэг Х.Чойбалсангийн тухай жүжиг , “Талын баатрууд” жүжигт Д.Сүхбаатар мөн гардаг. Энэ бол яах аргагүй төр засгийн бодлогоор эх оронч хүмүүжил олгохын төлөө зориудаар тавьж байсан бүтээлүүд юм. Ийм том том бүтээлүүдийг хийж байжээ.

- Монголын орчин цагийн театрын хөгжил тэгэхээр эндээс эхэлсэн гэж үзэх үү?

- 1945 оны чөлөөлөх дайнаар үймээн самуун дуусаад бүтээн байгуулалтын үе эхэлсэн. 1940 оноос 1950 оныг хүртэл театр ч адилхан, кино урлагт ч адилхан хоосон орой зай байдаг юм. Бүтэн арван жилийн туршид олигтой бүтээл хийгээгүй.  “Сэрэлт” киног 1956 онд Гэндэн найруулагч, 1959 онд “Ардын элч” киног Жигжид найруулагч анх тавьсан, эндээс кино урлаг сэргэж ирсэн. 1950-иад оны эхээр Ванган, Гэндэн гэж хоёр найруулагч Оросод театрын найруулагчийн сургуулийг төгсөж ирээд театрын хөгжилд шинэчлэлт өөрчлөлтийг үнэхээр авчирсан. Оросын театрын дэг сургуулийг яг өөрийн биеэр туулсан найруулагч нар ирээд, 1950-иад оны эхээр “Эмч нар” жүжиг, Островскийн “Аянга” зэрэг жүжгийг тавьж дахин сэргэлтийн үе эхэлсэн. Ингээд хөгжмийн зохиолчид, дуулаачид, зураачдыг мөн хойно бэлдэж эхэлсэн. Гаваа, Цүлтэм, Доржпалам гээд зураачдыг нэрлэж болох юм. Оросод театрын мэргэжилтэн бэлтгэх энэ үйл явц эрчимтэй явж, театрын дахин шинэчлэлтийн бөгөөд сэргэлтийн он жилүүд 1950-иад оноос эхэлсэн байдаг. 1950-иад оны сүүлчээр дотооддоо театрын дээд мэргэжилтэн бэлтгэх нь зүйтэй юмаа гэдэг шийдвэрт хүрээд нэн ялангуяа гүйцэтгэх уран бүтээлчид хөгжимчид, дуучид, жүжигчдийг бэлтгэсэн.

МУИС-д анх 1957 онд найруулагчийн ангийг нээж, тэр үед 19 хүн суралцсан байдгаас Цогзолмаа гуай төгссөн байдаг. ТШ Цогзолмаа гуай бол дотооддоо бэлтгэсэн, анхны дээд боловсролтой, мэргэжлийн найруулагч юм. Мөн Өлзийбаярын Рэнцэнноров, Батмөнхийн Мушгиа, талийгаач Сугар багш, хүүхэлдэйн театрын үүсгэн байгуулагчдын нэг Мөнхийн Чойжамж гээд бүгд анхны дотооддоо бэлтгэгдсэн найруулагчид. Ингээд 1959 оноос Улсын Багшийн дээд сургуулийн дэргэд кино драмын ангийг нээн улмаар Ардын хөгжмийн анги, хөгжмийн зохиолчийн ангийг тус тус нээсэн. Энэ нь үндсэндээ СУИС-ийг бие даалгаж байгуулах нь зүйтэй юмаа гэдэг шийдвэрт хүрэн, аяндаа тохироо нөхцөл бүрдээд ирсэн л дээ.

- Улсын төв театр гэлтгүй хөдөө орон нутагт театр хэрхэн үүсэж, хөгжсөн бэ?   

- Улсын драмын эрдмийн театр гэж яриад байна ярихаас ч аргагүй юм. Энэ театраас бүх урлагийн байгууллагууд салбарлаж үүссэн түүхтэй. 1935 онд Монгол кино үйлдвэр байгуулагдаж Оросын мэргэжилтнүүд ирж ажиллахын зэрэгцээ улсын төв театраас манай найруулагчид мөн очиж ажилласан. 1948 онд цирк байгуулагдан, 1950 онд улсын хүүхдийн театр байгуулагдаад,  мөн орон нутаг руу театрууд байгуулагдаж эхэлсэн. Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театр анх орон нутагт 1948 онд байгуулагдан, 1950 онд Ховд аймгийн ХДТ, 1956 онд Баян-Өлгий аймгийн ХДТ тус тус байгуулагджээ. Энэ бол манай ууган гурван театр. Улсын төв театрын уран бүтээлчид аймгийн Хөгжимт драмын театрт мөн ажиллаж байсан. Зундуйн Цэндээхүү гуай Дорнод аймгийн ХДТ-т, зураач Гаваа, Доржпалам нар Баян-өлгий аймгийн ХДТ-т ажилласан байх жишээний. Мөн хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай гээд манай алтан үеийнхэн орон нутгийн театруудад ажилласан байсан.

- Жүжгийн зохиолын тухайд ярихгүй өнгөрч болохгүй юм, тухайн цагийн жүжгийн зохиолын талаар?

Монголын жүжгийн зохиол бол Намдаг гуайгаас эхлэнэ дээ. Намдаг гуайтай хамт ажиллаж байсан Буяннэмэх, Ши. Аюуш, Мөрдэндэвийн Ядамсүрэн гээд хүмүүс байна л даа. Намдаг гуайг анхнаасаа зохиолч байсан юм шигээр хүмүүс бодоод байдаг юм. Анх жүжигчин байсан, дараа нь найруулагч болсон. Намдаг гуай бол “Шарай голын гурван хаан” жүжгийг аргагүйн эрхэнд үүрэг даалгавар аваад бичсэн. “Учиртай гурван толгой” жүжгийг 1934 онд Намдаг гуай анх найруулсан. Харин жүжигчин гэдэг утгаараа монголд тоглогдсон анхны сонгодог жүжиг болох Николай Василивич Гоголийн “Байцаагч түшмэл”-д тоголсон. Тэр бүр хүн мэддэггүй. Жүжгийн зохиол гэдэг зүйл тэр үед байгаагүй. Оросод нэр алдарт хүрсэн бүтээлүүдийг л орчуулж тавьдаг байсан. Үүнд бол Оюун багш их гавьяатай хүн, орчуулгыг дандаа Оюун багш хийж ирсэн. Яруу найрагч Цэдэндоржийн Цэдэнжав, зохиолч Бөхийн Бааст нар  хамтарч “Мандухай сэцэн хатан”, “Цогийн идэр нас” гээд нэлээд олон жүжгийн зохиолыг бичсэн.

Мөн Чойжамцын Ойдов зохиолч “70-н худалч” зохиолоороо тодорсон. Тэд орчин цагийн бүтээн байгуулалтын ч юмуу захиалгын шинжтэй жүжгүүдийг бичиж эхэлсэн. Оюун багш хүртэл хэлмэрчээ болиод зохиол руу орон, жүжгийн зохиолуудаараа ТШ хүртсэн байдаг. 1960-аад он гэвэл Лодойдамба, Ламжавын Ванган нар онцгой байр эзэлнэ. 1970-аад онд Дэмбээгийн Мягмар, Дармын Батбаяр, 1980-аад онд Сорогдонгийн Жаргалсайхан, 1990-ээд онд Бавуугийн Лхагвасүрэн гээд туульсын том том бүтээлүүд бичсэн. Жүжгийн зохиолчид бол маш ховор юм, ховор ч байхаас аргагүй, зохиолч болгон жүжгийн зохиол бичнэ гэж байхгүй. Театрын онцлогийг мэдэрч, шороог нь мэддэг хүн л жүжгийн зохиол бичнэ дээ.

- Өнөөгийн тайзны бүтээлийн талаар таны бодол?

- Тухайн үед гарсан шүүмжүүдийн мөрөөр арга хэмжээ авдаг, ач холбогдол өгдөг байсан. Тавигдсан бүтээлийг найруулагч, уран сайхны удирдагч нартай нь хамт авч үзэн, тэр хүнийг ажлаа хийж чадахгүй байна гэдэг сануулгыг дээрээс өгч, энэ ч утгаараа тухайн бүтээл үнэ цэнэтэй байсан. Төр засгийн бодлогоос ангид байгаад байхаар үзэгч, уншигчид хувийн үзэл бодлоороо дүгнээд гарч байгаа юм. Шүүмж бичнэ гэдэг өөрөө бүхэл бүтэн том судалгааны ажил, олон юмыг уншиж судалсан байх ёстой, тэгж байж шүүмж бичнэ л дээ.  

- Та өнөөдрийн тайз дэлгэцийн бүтээлд этгээд үг, хэл хэллэг элбэг болж байна гэж шүүмжилсэн байсан? Энэ үнэхээр тийм болсон уу? Өнөөгийн тайз дэлгэцийн бүтээлийн үг хэллэгийн талаар?   

- Өнөөдрийн кино дэлгэцийн бүтээлд амьдралын хар ярианы хэллэг хөврөөд байна, уран зохиол бол уран байх ёстой. Үзэгчид шууд хүлээгээд авах гэдэг тэр талруугаа хөтлөгдөөд, этгээд гаж үг хэрэглэвэл үзэгчид их үзэх магадлалтай гээд, нэрнээсээ авхуулаад хүртэл “Үхээд өгөөч хайрт минь” гэх жишээтэй. Өнөөдрийн дэлгэцийн бүтээл хожмоо л үлдэхгүй байх л даа. Харин манай театр бол хамаагүй дээр байгаа.

- Хуучин, түүхэн цагийн бүтээл зохиолууд тухайн үеийн үг хэллэгээрээ тавигдах ёстой юу, орчин цагаа дагаад өөрчлөгдөх үү?

- Тухайн цаг үеийн бүтээлийг тухайн цаг үеийнх нь үг хэллэгээр тавина гэдэг бол орчин цагийн үзэгчид хүлээж авахгүй байх л даа. Өнөөдрийнхөө л аялга, хэл яриагаараа тавигдах нь хүнд илүү хүрэх байх аа. 

- Үе үеийн үзэгчдийг татахын тулд аль ч талаасаа жүжиглэлт, үг хэллэг,  зохиол ямар байх ёстой вэ?

- Сонгодог жүжгүүд яагаад үеийн үед мөнх байгаа, улам үнэ цэнэтэй байна вэ гээд бодохоор хүний амьдралыг нээж харуулсан хуулахдаа биш, ийм байна гэж харуулахдаа биш, нээж харуулахдаа гол нь байгаа юм. Мөн мэргэжлийн байх ёстой л доо. Мэргэжлийн уран бүтээл хийгээд сайн дурын, сонирхогчдын уран бүтээл энэ хоёрын зааг ялгаа алга болсон. Нөгөө шүүмж судлаачдын орон зай үгүйлэгдээд, бодитой үнэлэлт, дүгнэлт өгдөг юм нь байхгүй болчихоод түүний дагуу төр засгаас бодлогоор анхаардаг юм нь мөн алга болчихоод, хэн дуртай нь юу хүссэнээ хийж байна. Мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гэдэг зүйл их үгүйлэгдэж байна л даа. Театрын бүтээл хамтын нийлмэл урлаг учраас бүгд л мэргэжлийн төвшинд байх ёстой.

- Жүжгийн гол илэрхийлэл үг хэллэг юм л даа, энэ алдагдаад ирэхээр үзэгчдэд хэлэх гэсэн санаа ч алдагдаад ирнэ?

- Уран зохиол болохоор нөгөөх л Утга яруу гэдгээ анхаарах хэрэгтэй л дээ.

-Таныхаар хошин шог үзээд гарч байгаа хүний сэтгэл санаа, театраас гарч байгаа хүний сэтгэл санаа энэ хоёрын гол ялгаа?  

- Хошин шог үзсэн хүн тухайн үедээ л сэтгэл санаагаа баясгаад тухайн тоглолт тархинд буухаас илүү сэтгэлд бууж үлдээд дараа нь мартагдана. Харин театрын сонгодог жүжиг  нь үзээд суусан хүний сэтгэлд бус тархинд очиж байдаг. Жүжиг үзсэн хүн театраас гараад жүжгийнхээ талаар бодож явдаг, магадгүй хэдэн жилийн дараа ч бодож явж болно. Театрт тавигдаж байгаа мэргэжлийн бүтээлийг тархи ухаандаа бодох тийм хэмжээнд байх гэхээс илүү хошин шог үзсэн үзэгчид бодох эргэцүүлэх зүйлгүй, шууд ойлгоод тусгаад, өөрт нь амархан хүрээд байгаа юмыг үзээд тухайн үед сэтгэлийн хөдлөлөөр байгаад гарах зүйлийг илүүд үзээд байна л даа. Гэхдээ манай хошин урлагийнхан бол маш том оройн зайг нөхөж байгаа л даа. Сонгодог, драмын бүтээлүүд сэтгэлд буухаасаа илүү тархинд буудаг юм уу даа. Театр бол их сайхан зүйл л дээ. Театр орохдоо хүн зүгээр ч нэг жирийн хувцастай ордоггүй. Урлагийн ямар ч төрлийг хийсвэрээр, бодитоор ч дүрсэлж илэрхийлж болно, дүрслэх арга хэрэглүүрийн хувьд баялаг юм. Энэ ч утгаараа театрлуу уран бүтээлчид ч их тэмүүлдэг. Театр бол уран бүтээлч хүний чадал чансааг сорьдог. Театрлуу ухаарал, сэхээрэл авья гэсэн хүн ордог өвөрмөц ордон юм даа.  Урлагийн гэгээн сүм гэж дэлхий дахинаараа хэлдэг дээ.  
 
“Соён гэгээрэхийн цаг” нэвтрүүлэг.
МҮОНР-ийн “Урлаг соёлын редакц”-ийн редактор Б.Янжинлхам

Нийтэлсэн: Mонголын радио

Н.Ганхуяг: Монголыг дэлхийд анх Монголын театр таниулсан гэж би боддог  
Үзсэн: 4510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй