
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотод айлчилж буй ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Буриад Улсын тэргүүн болон Засгийн газрын Тамгын газрын дарга, төлөөлөгчдийн тэргүүн Носков Петр Лукич тэргүүтэй бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Ноён Носков Петр Лукич “Юуны өмнө тантай уулзаж байгаадаа их таатай байна. Монгол Буриад Улс цаашлаад Оросын холбооны Улстай хамтран ажиллах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таны оруулж буй хувь нэмэр багагүй гэдгийг дурдах хэрэгтэй. Та болон танай хамт олон манай 2 улсын хамтын ажиллагааг холбох гүүр болж байгааг онцлон хэлье” гэлээ. Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод зочилж байгаа та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Өнөөдөр бид Улаанбаатар хот, Буриад Улстай хамтран ажиллах түүхэн хэлэлцээр байгуулах гэж байна. Хэдийгээр өмнө нь найрсаг хамтын ажиллагаатай байсан ч гэлээ энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Улаанбаатар хот, Буриад Улстай албан ёсоор хамтран, байнгын тогтвортой ажиллах боломжтой болох юм” гэдгийг онцлон хэллээ.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга Носков Петр Лукич нар Улаанбаатар хот Буриад Улсын Засгийн газартай хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар хот Буриад Улстай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт албан ёсоор хамтран ажиллах боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Улаан-Үдэд Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгаад ирэх онд албан ёсны айлчлал хийнэ гэдгээ хэллээ.
Буриад улсын засгийн газартай хамтран ажиллана | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.