Шууд Chart

“Алтан бийр-11” үзэсгэлэн нээгдэв

2017-04-06 12:03:43

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн хамт олон “Алтан бийр-11” үзэсгэлэнгээ гаргалаа.

Тус нэгдэл нь урлагийн тодорхой арга барилаар өөрийгөө сорин, шинийг эрэлхийлэн уран бүтээлээ туурвиж буй залуу уран бүтээлчид. Мөн урлагаар сурч боловсорч байгаа оюутан залуусын сэтгэлгээ, ур ухааны дээжийг олон нийтэд толилуулахад гол анхаарлаа хандуулдаг байна.

Тэд 2004 оноос үйл ажиллагаагаа дахин сэргээн дүрслэх урлагийн салбарт өөрийн өвөрмөц орон зайг эрэлхийлж буй.

Уг үзэсгэлэн өнгөрсөн жилээс олон улсын хэмжээнийх болон өргөжин тэлж байгаа бөгөөд энэ жил ӨМӨЗО, Английн уран бүтээлчид оролцож байна.

Шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа үзэсгэлэнгийн нээлтийн үеэр болсон бөгөөд шилдэг бүтээлийн эзнээр Б.Орхонтуулын “Нисдэг нь...” уран зургийн бүтээл шалгарав. Түүнд “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урлангийн жилийн эрх, “PEARL” Арт галерей болон “Ninth art foundation”-ний галерейд бие даасан үзэсгэлэнгээ толилуулах эрх олголоо.

Түүнчлэн уламжлал ёсоор энэ сарын 8-нд “Таталбар зургийн уралдаан”-ыг залуу яруу найрагчидтай гурав дахь жилдээ хамтран зохион байгуулах бөгөөд шилдэг таталбар зургийн эзнийг “Алтан бийр” зургийн хэрэгслийн нэрэмжит шагнал болон “Ninth Art Foundation”-ний галерейд бие даасан үзэсгэлэн гаргах эрх тус тус хүлээж байна.

Мөн гэрэл зурагчин Д.Давааням “Гэрэл зургийн Мультимедиа урлаг” сэдвээр сонирхолтой лекц унших аж.

Энэ удаагийн “Алтан бийр-11” үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэл, “Ninth Art Foundation”, “Pearl Art Gallery” хамтран зохион байгууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан бийр-11” үзэсгэлэн нээгдэв  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй