Шууд Chart

Монголын туялзуур сэлэмний холбоо шинэ бүрэлдэхүүнтэй боллоо

2017-04-10 10:29:06

Монголын туялзуур сэлэмний холбооны III ээлжит чуулган өнгөрсөн бямба гарагт боллоо. Чуулганд оролцох ёстой 64 төлөөлөгчөөс 58 нь ирж, ирэх дөрвөн жил Монголын туялзуур сэлэмний холбоог удирдах бүрэлдэхүүнийг сонгов. Ийнхүү холбооны гурав дахь ерөнхийлөгчөөр “Магнай трейд" ХХК –ий гүйцэтгэх захирал Г.Дашням, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Адамас Майнинг" ХХК-ий ерөнхий захирал З.Номундарь, дэд ерөнхийлөгчөөр "РСЦ" ХХК-ий гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, "Blue Мon Properties" ХХК-ий гүйцэтгэх захирал С.Бат-Ерөөл, "Сүү" ХК-ий гүйцэтгэх захирал Б.Гантулга, Монголын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Дэмчиг нар сонгогдлоо.

Харин удирдах зөвлөлд Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнай, "Оршихт" ХХК-ий гүйцэтгэх захирал О.Лхагва, "Монгол HD" телевизийн ерөнхий продюсер Э.Лхагва, "Скинни" ХХК-ийг үүсгэн байгуулагч Ө.Үнэнбүрэн, "Эрдэнэт" ХК-ий маркетингийн хэлтсийн дарга О.Эрдэнэбат, "BRB" ХХК-ий ерөнхий захирал Ж.Энхжаргалан нарыг сонгосон байна.

Удирдах зөвлөлд багтах тамирчдын зөвлөл болон, дасгалжуулагчдын зөвлөлийг дөрөвдүгээр сарын 22, 23-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-ний үеэр сонгон шалгаруулах юм байна.

Чуулганы дараа холбооны шинэ бүрэлдэхүүний Удирдах зөвлөлийн анхны хурал болж, ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөнийг томилов.

Монголын туялзуур сэлэмний холбоонд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж өнгөрсөн дөрвөн жилийн турш ерөнхийлөгчийн албыг хашсан Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэнг холбооны “Хүндэт ерөнхийлөгч”-өөр өргөмжиллөө.

Ийнхүү Монголын туялзуур сэлэмний холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох зорилготойгоор ажиллахаар болов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын туялзуур сэлэмний холбоо шинэ бүрэлдэхүүнтэй боллоо  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй