Шууд Chart

Морин хуур дэлхийн сонгодог хөгжимтэй зэрэгцэн эгшиглэхээр боллоо

2017-04-11 17:29:11

Монголчууд бидний агуу их өв соёл, болсон морин хуур хөгжим дэлхийн сонгодог хөгжимтэй зэрэгцэн эгшиглэхээр боллоо.

Тодруулбал, Австри Улсын Вена хотноо орших Франц Шубертын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторийн сургалтын хөтөлбөрт оруулах талаар төсөл хөтөлбөр бичсэн Монгол залуу Б.Санжаажав сансандаа хүрч чаджээ.

Тэрбээр жилийн өмнө энэ тухай саналаа Консерваторийн сургалтын алба болон удирдах зөвлөлд гаргаж, түүний саналыг нэг сарын турш хэлэлцжээ. Улмаар түүний саналыг хүлээн авч, албан ёсоор “Морин хуур”-ын анги нээхээр болсон байна.

Мөн Б.Санжаажавын боловсруулсан морин хуур хөгжмийн дөрвөн жилийн бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус сургуулийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлж илүү боловсронгуй болгож энэ оны хоёрдугаар сард тус сургуулийн удирдлага сургалтын хөтөлбөрийг албан ёсоор баталжээ.

Б.Санжаажав энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Монгол Улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс Монголын болон гадаадын оюунтан Франц Шуберт-ын нэрэмжит консерватори-т нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж буй юм. Гадаадын оюунтнуудын хувьд Монгол Улсын үндэсний хөгжмийг суралцаад зогсохгүй Монголын соёл, урлагтай танилцан суралцах боломж нээгдэж байна. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ч өндөр ач холбогдолтой. Монгол оюунтнуудын хувьд Авcтри Улсын болон Европын сонгодог хөгжмийн түүх соёл, ёс заншилтай танилцахаас гадна хөгжмийн өндөр боловсрол мэдлэгийг олж авах бүрэн боломж нээгдэж, энэ нь эргээд Монгол эх орондоо, Монголын соёл, урлагийн салбарт нэн шаардагатай боловсон хүчин болон бэлтгэгдэх гарц нээгдэж буйг хэлэхэд таатай байна” гэжээ.

Зургийг тайлбарлахад: Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-н захирал хатагтай Даниела Эгг-ийн хамт Франц Шуберт-ын нэрэмжит консерватори-т "Морин хуур"-ын ангийг албан ёсоор нээх хамтын гарын үсэг зурсан эрх, гэрээг хүлээн авч буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Морин хуур дэлхийн сонгодог хөгжимтэй зэрэгцэн эгшиглэхээр боллоо  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй