
БНЧУ-д ажиллаж, амьдардаг Монголчуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Хаврын баяр” спортын өдөрлөг Прага хотод болжээ.
22 дахь удаагаа болсон тус спортын өдөрлөгт дээрх улсад оршин сууж буй 7000 гаруй иргэнийг төлөөлөл болсон эрэгтэй 17, эмэгтэй 14 нийт 31 багийн 400 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорив.
Австрийн Линз, Вена хотын Монголчуудын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд зочин багаар оролцсон нь тэмцээнийг чанаржуулсан үйл явдал боллоо. Тэмцээнд оролцсон тамирчдын ур чадвар, багийн зохион байгуулалт жил ирэх тусам сайжирч байгаа нь өдөрлөгийн явцаас харагдлаа.
Өдөрлөгт спортын мастер дөрөв, спортын дэд мастер гурав, мөн улсын зэрэгтэй тамирчин олноор оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, үзүүштэй болгож, хүрэлцэн ирсэн Монгол, Чех хөгжөөн дэмжигчдийг баясгав.
Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, заалны хөл бөмбөгийн төрлөөр гурван өдөр үргэлжлэн явагдсан тэмцээний нэгдсэн дүн гарахад Д.Оюун ахлагчтай Роуднице над Лабем хотын “Нөхөрлөл” баг тэргүүн байранд шалгарч шилжин явах цомын эзэд боллоо. Удаах байруудад О.Ананд ахлагчтай Прага хотын оюутны “Хийморь”, Г.Баярсайхан ахлагчтай Страж под Ралскэм хотын баг тус тус шалгарлаа.
“Хаврын баяр” спортын өдөрлөгийг Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ ивээлдээ аван хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ удаад ч санхүү, зохион байгуулалтын талд бодит дэмжлэг үзүүлэн хамтран оролцов.
Элчин сайд Н.Наранбат өдөрлөгийн нээлтэд оролцон тамирчдад амжилт хүсч, мэндчилэхийн хамт Москва хотод явагдах Оюутны универсиад наадмын Европын бүсийн тэмцээнд шигшээ баг гарган идэвхтэй оролцохыг уриалаьв. Мөн үүнд ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
“Хаврын баяр” спортын өдөрлөг Прага хотод болжээ | ||
Үзсэн: 674 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.