Шууд Chart

Спортын төв ордныг шинэчилнэ

2017-04-19 10:30:25

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй Спортын төв ордонд уулзлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, Н.Учрал, Д.Цогтбаатар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр нар оролцов.

Эхлээд Ажлын хэсгийн гишүүд Спортын төв ордны одоогийн нөхцөл байдал, биеийн тамирын танхим, тамирчдын хичээллэж буй орчинтой биечлэн явж танилцав.

1958 онд ашиглалтад орсон тус ордонд жүдо, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, хүчний бэлтгэлийн заалны тоноглол бүхий бэлтгэлийн долоон танхимд үндэсний шигшээ баг, өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа явуулж байна. Гэвч тэдний хичээллэж буй дээрх бүх танхим стандартын шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй, хана, тааз нь нурж, хууларсан байдалтай байгаа юм.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг “1958 онд баригдсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас актлагдсан байранд тив, дэлхийн аваргууд хичээллэж байна. Засгийн газар шинэ спортын ордон байгуулах талаар зураг төсөл хийлгэсэн ч эдийн засаг хүндрэлтэй байгаа үед 120 тэрбум төгрөгөөр шинэ ордон барих боломжгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэж болох талаас нь дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно” гэлээ.

Уулзалтад ирсэн биеийн тамир, спортын салбарын төлөөллүүд тулгамдаж буй асуудлаа Ажлын хэсгийн гишүүдэд уламжилсан юм.

Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн захирал, Буудлагын спортын дасгалжуулагч Б.Алтанцэцэг “1980 оноос хойш Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн байранд техникийн таван төрлийн спортыг хөгжүүлж ирсэн. Олимпийн нэг үндсэн төрөл болох буудлагын спортынхон тус байранд хичээллэдэг. Гэтэл хувь хүний газрын маргааны улмаас бидэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүйд хүрээд байна” гэсэн юм.

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж “Одоо бидний байрлаж буй энэ спортын ордон борооны улирал эхлэхээр ус гоождог, ашиглалтын шаардлага хангахгүй байна. УИХ-ын гишүүд та бүхэн энэ асуудалд нухацтай хандана уу” гэжээ.

Монголын жүдо бөхийн холбоо, чөлөөт бөхийн холбоо, боксын холбоо, хүндийн өргөлтийн холбоо, гимнастикийн холбоо, оюутны спортын холбоо, паралимпийн холбооны төлөөлөл Ажлын хэсгийн гишүүдэд хандан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спортын төв ордныг шинэчилнэ  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй