
Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан” балетын урлагийн холбоотой хамтран “Spirit of Ballet” тоглолтыг өчигдөр эхлүүллээ. Тус тоглолтын үргэлжлэл өнөөдөр ч болох юм.
УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй энэхүү тоглолтод “Солонгосын өсвөрийн балетын одод” компанийн балетчин хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллежийн сурагчид, Монголын Үндэсний балет сургуулийн хүүхдүүд болон УДБЭТ-ын залуу уран бүтээлчид оролцож байна.
“Монгол Улсын балетын урлаг нь Ази тивд маш эрт байгуулагдаж, тэргүүн байрт ордог байсан. Бараг 60-70 жилийн түүхтэй. Харин өнөөдөр энэ байдлаа хадгалж чадахгүй боллоо. Бидний зорилго бол Ази тивийнхээ балетын бүжигчдийг эх орондоо авч ирэх юм. Цаашдаа ганц БНСУ гэлтгүй Япон зэрэг Азийн балетын урлаг өндөр хөгжсөн орны өсвөр үеийн бүжигчид манайд ирж чуулдаг болохын төлөө ажиллана. Энэхүү “Spirit of Ballet” гала тоглолтыг фестиваль болгон хөгжүүлэхийн төлөө зорьж байна” гэж Монголын үндэсний балетын сургуулийн багш Ц.Жаргалан хэлсэн юм.
“Солонгос, Монголын өсвөрийн балетчдын хамтарсан тоглолт анх удаа болж байна. БНСУ-аас 10 балетчин хүүхэд ирсэн. Энэхүү тоглолтоор Монгол, Солонгосын балетын урлагийн харилцаа холбоо цаашид улам өргөжин хөгжих байх. Бидэнд дараа дараа хийхээр төлөвлөсөн олон сайхан санаа бий. Дараагийн хамтарсан тоглолтыг БНСУ-д хийнэ. Монголын хүүхдүүд Солонгост сургалтад хамрагдаж байсан. Тиймээс бидний хамтын ажиллагаа улам сайн өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэж “Солонгосын өсвөрийн балетын одод” компанийн захирал Жу Ми Сун хэллээ.
Өнөөдрийн тоглолтын хөтөлбөрт П.И.Чайковскийн “Полонез”, “Нойрссон гүнж”, Л.Делибийн “Коппелия”, А.Кампрагийн “Венецийн карнавал” зэрэг дэлхийн сонгодог бүтээлийг Солонгос, Монголын балетын бүжигчид амилуулна.
Монгол, БНСУ-ын балетчдын хамтарсан “Spirit of Ballet” өнөөдөр дахин тоглогдоно | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.