Шууд Chart

Ой тогтоолтын улсын аваргууд тодорлоо

2017-04-21 09:58:45

Монголын оюун ухааны академиас санаачлан зохион байгуулж буй ой тогтоолтын УАШ оюуны спортын долоо дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-нд Монгол-Япон төвийн байранд боллоо.

Урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж, 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тэмцээнд ОУ-ын их мастер тав, их мастер нэг, ОУ-ын мастер зургаан тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын их мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн Монголын оюун ухааны академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч сая төгрөгийн эзэн болж, Монгол болон Азийн чансаанд нэг, дэлхийд тавдугаарт бичигдлээ. Ихэр тамирчид болох ОУ-ын их мастер Н.Мөнхшүр (7390 оноо), ОУ-ын их мастер Н.Энхшүр (7045 оноо) нар хоёр, гуравдугаар байрт орж 750 мянга, 500 мянган төгрөгийн шагнал хүртлээ.

Мөн бүх насны ангилалд маш олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын их мастер Н.Энхшүр таван минутад 1125 цифр, ОУ-ын их мастер Н.Мөнхшүр таван минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Хөвсгөл аймгаас тамирчид оролцож медаль хүртэн улсын болон дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь ой тогтоолтын спорт орон нутагт маш сайн хөгжиж байгааг харуулж байв.

Тэмцээний зорилго нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршино.

Сонирхуулахад, Монголын оюун ухааны академи өнөөг хүртэл дотооддоо оюуны спортын 68 тэмцээнийг амжилттай зохион байгуулж, 4700 гаруй тамирчныг хамруулсан ба АНУ, Англи, БНХАУ, Энэтхэг, Филиппин, Швед зэрэг олон улсын чанартай 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулдаг. Тэгэхдээ ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 612 медаль хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ой тогтоолтын улсын аваргууд тодорлоо  
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй