Шууд Chart

“Нинжа нарын нүүдэл хаана явна...” №1

2013-11-11 16:17:41

“Нинжа” гэх содон нэртэй нийгмийн бүхэл бүтэн давхарга бий болсон тухай хэдэн жилийн өмнөөс л мэдээллийн бүхий л сувгуудаар ярьсан. Бараан сүүдэр дагуулдагаараа ад шоо үзэгдсэн хувиараа алт олборлогчдын түүх бол өнөө алдарт “Алт” хөтөлбөртэй зэрэг эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал 1994-1995 оноос л Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Өлтийн голын эхэнд алт хайсан иргэд олноор цуглаж шоргоолж шиг үймэж эхэлсэн юм. Тун удалгүй Төв аймгийн Заамар сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр гээд л хүрээгээ тэлснийг тайлбарлах хэрэггүй, хүн бүхэн мэднэ. Энэ үед өөрөөр хэлбэл 2002-оос 2004 оны үед Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт цуглан алт олборлож байгаа иргэдийн дунд битүүхэн судалгаа явуулахад 17 аймгийн 200 гаруй сумаас иргэд ирсэн байсан нь түүхэнд бичигдэхээр явдал болсон юм.

Алс тэртээ Ховд аймгаас, аль эсвэл Дорнод аймгийн Матад сумаас энд ирж алт ухана гэдэг санаанд багтамгүй мэт... Гэтэл яаж ийгээд л ирцгээсэн юм. Хамгийн гол нь Монгол хүн яагаад ингэж амь тавин зүтгэж алс нутгийг зорих болсон юм бол. Хэрэв алт гэдэг элемент ямар ч үнэгүй зүйл байсан бол, аль эсвэл алтны үнэ тэнгэрт хадлаа, энд алт байна шүү гэж Монгол нутаг даяар цуурайттал нь хашгираагүй бол холын газраас хоолоо хасан нүүцгээх байсан гэж үү. Хар тамхинд донтсон хүн эргээд гарч чаддаггүй юм гэнэлээ. Үүнтэй адил алт ухаж, хэдэн төгрөгний бараа харсан хүн эргээд өөр ажил хөдөлмөр хийх дургүй болдог гэх нь үнэн ортой зүйл. Тухайлбал ноднин жил Говь-Алтай аймгийн Дарив сумын нутагт алт олборлож байгаа иргэдийн дундаас 10 хүнтэй уулзахад бүгд таваас дээш жил хувиараа алт олборлож байгаагаа хэлж байна. Харин тэдний найм нь нинжа үүрлэсэн бүх газруудад очиж үзсэн гэж билээ. Тэгэхээр мал сүргээ адгуулан маллаж амар амгалан нүүж сууж дассан нүүдэлчин Монголын үр сад өнөөдөр зөвхөн газар ухаж алт олохын төлөө хаашаа хамаагүй сүрэглэн нүүдэг болжээ гэхэд хилсдэхгүй болжээ. Харин энэ жилийн нинжа нарын нүүдэл хаа хүрч саатах юм бол...
 
Нээрэн алт гэдэг зүйл огт үнэгүй байсан бол ийм юм болохгүй дээ. Ер нь хууль хууль л гэнэ. Утаат тамхины хууль хүртэл батлан хэрэгжээд байхад, алт олборлох зарахыг хориглосон тодорхой хууль гаргаж яагаад болдоггүй юм бол. Саяхан ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа байгаль орчноо хамгаалах бус бүүр Нинжа нарын талд чиглэсэн зүйл заалтууд орсныг та бүхэн санаж байгаа байх. Үүний үр дүн нь нинжа нарыг дийлэх албатан одоогоор байхгүй болж эхэллээ. 
“Нинжа” гэж юу гэсэн ч утгатай үг юм бүү мэд. Африкт ийм нэрээр овоглосон газар ухдаг хэсэг бүлэг хүмүүсийн тухай нэгэн нийтлэл бий. Тэд гучин жилийн турш алтаа ухаад адаг сүүлд нь хоосон хийгээд өлсгөлөн хоцорсон тухай баримт бас байдаг. Тиймээс муу ёрлосон юм шиг тэр үгээр нэрлэдэг ч ямар учиртай бол...
Нийтэлсэн: Ө.Цогт-Эрдэнэ

“Нинжа нарын нүүдэл хаана явна...” №1  
Үзсэн: 2852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй