Шууд Chart

Б.Ариунтуяа: Ажилгүйдлийн тэтгэмж авагч шинээр мэргэжил эзэмших, давтан сургалтад хамрагдах боломжтой

2017-04-27 15:04:24

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн байцаагч Б.Ариунтуяагаас тодрууллаа.

-Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх хэдийд үүсдэг вэ?

-“Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-д заасны дагуу даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 9 сар нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсдэг. Гэхдээ жирэмсэн амаржсаны чөлөөтэй байж байгаад ажлаасаа халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсдэггүй. Зарим нь  “миний нийгмийн даатгалын бүрэн төлөгдсөн, тасраагүй байгаа юм чинь ажилгүйдлийн тэтгэмж авах ёстой” гэж ирдэг хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ тэтгэмж авч байгаа хугацаанд нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөгддөггүй. Сайн дурын даатгал төлөгч мөн адил. Энэ хоёр тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсдэггүй. Нэг үгээр хэлбэл албан журмын даатгуулагч нарт хамаатай гэж ойлгож болно.

Шимтгэл төлсөн хугацаа хоногоор тооцогддог. Нэг, хоёр хоног дутуу гээд тэтгэмжээ авч чадаагүй гэх хүмүүс цөөнгүй байдаг юм билээ.

-Нэг жишээн дээр тооцож хэлбэл илүү ойлгомжтой болох байх. Жишээ нь иргэн Б.Болор 3 дугаар  сарын 20-нд ажлаасаа халагдчихаад тухайн сарын  20–ний өдөр нь 9 сардаа орох юм бол эрх нь үүсэхгүй. Харин 3 дугаар сарын 31-ээр халагдсан бол 3 сард бүтэн ажилласан гэж үзнэ. Тийм болохоор 9 сар нь бүтэн байвал эрх нь үүсдэг гэж ойлгож болно. Хэрэв 3 сарын дундуур халагдсан хүн бол урагшаагаа тоолоод 9 сар нь гүйцсэн бол эрх үүснэ. Дээр хэлсэнчлэн хоёр жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн байх шаардлагатай.

-Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авчихаад ахин авах тохиолдолд яах вэ?

-Ажилгүйдлийн тэтгэмж авсанаас хойш 12 сар ахин шимтгэл төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүснэ. Харин дахин хэлэхэд сайн дурын даатгалын шимтгэд төлсөн бол үүнд хамаарахгүй гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй байдаг. Албан ёсоор ажил эрхлээгүй, сард олсон орлогоосоо өөрийн хүсэлтээр шимтгэл төлж байгаа сайн дурын даатгалд хамрагддаг иргэдийн зарим нь ажилгүйдлийн тэтгэмж авах ёстой гээд хүрээд ирдэг. Энэ бол боломжгүй.

Тэтгэмж авч байхдаа мэргэжил олгох болон давтан сургах сургалтанд хамрагдвал төлбөрийг нь ажилгүйдлийн даатгалын сангаас олгодог гэж сонсож байсан. Энэ талаар тодруулбал.

-Шинээр ажил мэргэжил эзэмших, давтан сургалтад хамрагдах хүсэлт гаргасан ажилгүйдлийн тэтгэмж авагчийг ажилгүй болсноос хойш 6 сарын дотор сургалтад хамруулах боломжтой гэж Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан байдаг. Гэхдээ хүсэлт гаргасан иргэний сургалтын зардлын зөрүүг төлсөн нөхцөлд нийгмийн даатгалын байгууллага сургалтын төлбөл зохих төлбөрийг сургалтын байгууллагын дансанд хийдэг. Товчоор хэлбэл 150 мянган төгрөгийн төлбөртэй сургалтын 100 мянгийг нь иргэн, 50 мянгийг нь ажилгүйдлийн даатгалын сангаас төлдөг.

-Ажилгүйдлийн тэтгэмжийн хувь хэмжээ ямар байдаг вэ?

– Ажилгүйдлийн тэтгэмж нь тухайн даатгуулагчын авч байгаа цалин, ажилласан жилээсээ шалтгаалж өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл 5 хүртэл жил ажилласан бол 45 хувь, 5-10 хүртэл жил ажилласан бол 50 хувь, 10-15 хүртэл жил ажилласан бол 60 хувь, 15 дээш ажил ажилласан бол 70 хувиар сүүлийн гурван сарын цалингийн дунджаас боддог.  Энэ нь гурван сарын цалингийн дундаж гэхээр ажлын 76 хоногийн мөнгө олгогдоно.

-Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэд, ажилд орчихоод мэдэгдэхгүй байх тохиолдол байдаг уу?

Санаатай болон санамсаргүй байдлаар ажилд орчихоод эргэн мэдэгдэхгүй байх тохиолдол гардаг.  Сар бүрийн эхэнд, сүүлд ажилгүйдлийн тэтгэмжийн олголтыг хийдэг. Нийгмийн даатгалын программ дээр ажилд орсон, цалин орсон эсэхийг шалгаад ажилд орсон өдрөөс нь эхлээд ажилгүйдлийн тэтгэмж зогсдог. Хэрэв ажилгүйдлийн тэтгэмж авч байгаад ажилд орсон бол ажилд орсон тушаалаа авчраад тэтгэмжээ зогсоох нь хувь хүний үүрэг гэж болно. Тушаалын он, сар, өдрөөр бодож тэтгэмжийг олгож, зогсоодог. Мөн илүү тэтгэмж олгогдсон бол тухайн хүнээс илүүг буцаан авдаг.

-Мэдэхгүйгээсээ болоод мөн тухайн байгууллага нь ажлаас халагдсаныг нь мэдэгдээгүйгээс тэтгэмж авах хугацаа хоцорох тохиодол байдаг уу?

-Хуульд заасны дагуу ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор материалаа өгдөг. 14 хоногоос хэтэрсэн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол өргөдлийг хүлээн авч хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хорио цээрийн дэглэм тогтоосон бол, өвдсөн, өвчтөн асарсан, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон, ажилтнаас хамааралгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хоцорсон тохиолдолд тэтгэмж авах хүсэлтийг 3 сарын дотор гаргавал, хүлээн авч шийдвэрлэдэг. Хэрэв ажил олгогчын буруутай үйлдлээс болсон бол учир шалтгааныг албан бичгээр ирүүлж болдог.

-Иргэд, даатгуулагчдын хувьд ажилгүйдлийн даатгалтай холбоотой тэр бүр мэддэггүй зүйл юу байна вэ?

-Дийлэнх хүмүүс хугацаагаа сайн мэддэггүй. Ажлын 14 хоног гэж боддог. Энэ бол хуанлийн 14 хоног байдаг. Тухайлбал та 3 дугаар сарын 2-нд халагдсан бол 17 нь сүүлийн хугацаа болдог.

-Танай дүүргийн хувьд ажилгүйдлийн тэтгэмжид хичнээн иргэн хамрагсан бэ?

-Бид улирал, хагас жил, жилийн эцсээр тайлангаа гаргадаг. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр улирлын тайлан гарчихсан байгаа. Үүнээс үзэхэд 350 орчим иргэн ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авсан байна.

-Танд баярлалаа.

Эх сурвалж: http://daatgal.ub.gov.mn


Б.Ариунтуяа: Ажилгүйдлийн тэтгэмж авагч шинээр мэргэжил эзэмших, давтан сургалтад хамрагдах боломжтой  
Үзсэн: 5247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-16 12:21
Ajilgvidlin tetgemjin material as ogod sar garan bolj bnaa got orohgvi ym yaj shalguulah ve
ажил олгогч [64.119.17.xxx] 2018-05-17 19:48
зөвлөгөө бичсэнд баярлалаа
Багш нь [66.181.184.xxx] 2018-02-03 09:06
Миний шавь хөөрхөн, бас мундаг байна. Баяр хүргэе.

Бидэнтэй нэгдээрэй