Шууд Chart

А.Өлзий-Оршихын уран бүтээлийн үдэш болно

2017-05-02 14:29:54

УДБЭТ-ын гоцлол бүжигчин А.Өлзий-Оршихын уран бүтээлийн үдэш тавдугаар сарын 5-нд болно.

Сонгодог урлагийн алтан тайзнаа тавигдсан олон сонгодог, модерн, үндэсний бүжгэн жүжгийн гол дүрийг 15 жилийн турш бүтээж, амилуулж яваа авъяаслаг тэрбээр дээрх өдөр балетын урлагт хайртай үзэгчдэдээ сонгодог, модерн, неоклассик төрлөөс бүрдсэн цоморлиг болон Ж.Бизе, Р.Щедрин "Кармен сюит" бүжгэн жүжгийг зориулах аж.

Тэрбээр Хөгжим, бүжгийн коллежийг 2003 онд Д.Дашлхагва багшийн удирдлага дор төгсч, Дуурийн театрт балетын гоцлоочоор ажиллаж эхэлснээс хойш "Жизель", "Щехерезада", "Бахчисарайн оргилолт булаг", "Нойрссон гүнж", "Сартак", "Шопениана", "Уран хас", "Диваажин энд байна", "Гэсэр номун хаан", "Эрдэнэсийн охид" зэрэг хорь гаруй бүжгэн жүжгийн гол дүрд тоглосны дотор "Хунт нуур" бүжгэн жүжгийн Зигфрид ба Ротбарт, "Щелкунчик" бүжгэн жүжгийн Хулганы хаан ба Кавалер, "Дон Кихот" бүжгэн жүжгийн Тореадорын ахлагч ба Базиль, "Үйлийн гурван толгой" бүжгэн жүжгийн Юндэн ба Балган, "Чойжид дагина" бүжгэн жүжгийн Бурхны элч ба Эрлэгийн элч зэрэг олон дүр бүтээжээ.

"Кармен сюит" бүжгэн жүжгийн хөгжмийг Ж.Бизе-Р.Щедрин, цомнолыг П.Мериме - А.Алонсо. удирдаачаар Т.Гэрэлцэцэг, балетмейстерээр А.Алонсо, туслах найруулагчаар Б.Жаргал ажиллажээ.

Тус бүтээлийн агуулга нь Цыган бүсгүй Кармен, түүний дурлалт залуу болох цэрэг Хозе болон бухтай тулалдагч зоригт эр гурвын дунд өрнөх хайр дурлал, хууран мэхлэлт, үхэл хагацлын тухай өгүүлнэ. Энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг нь Ж.Бизегийн "Кармен" дуурийн агуулга, үзэл санааг хөгжмийн хэлээр хөрвүүлэн цомхотгож, бүжгийн хэлээр уран дүрсэлж хөрвүүлсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Өлзий-Оршихын уран бүтээлийн үдэш болно  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй