Шууд Chart

Ахмад тамирчдыг хүлээн авч уулзав

2017-05-04 13:30:08

Шинэ Зеландын Оакланд хотод дэлхийн мастеруудын спортын наадам өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-30-нд болсон билээ. Ес дэх удаагийн тус тэмцээнд 105 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдсөн юм.

Манай улсаас спортын зургаан төрөлд 27 тамирчин оролцож, найман алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медальтай эх орондоо ирсэн юм.  

Тэднийг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр тэд ахмад тамирчиддаа төрийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Монголын баг тамирчдаас Т.Цэрэндолгор хөнгөн атлетикийн төрөлд зургаан медаль хүртсэн нь дэлхийн мастеруудын спортын наадамд өмнө нь гараагүй гоц амжилт байлаа. Тэрбээр монголын багийн медалийн “салхийг” хагалж зээрэнцэг шидэлтийн төрлийн 75-79 насны ангилалд 20.90м шидэж алт, мөн хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрлийн 75-79 насны ангилалд дахин түрүүлж, “World Masters Games -2017” хоёр дахь алтан медалиа энгэртээ зүүсэн юм.

Өдгөө 79 настай Т.Цэрэндолгор энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Дэгү хотод хөнгөн атлетикийн ахмадын танхимын ДАШТ-ний жад шидэлт, бөөрцөг түлхэлтийн 75-79 насны ангилалд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байв. Түүнчлэн Ази тивийн дээд амжилтыг долоон удаа шинэчилсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахмад тамирчдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй