
Узбекстан Улсын Ташкент хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 7-ны хооронд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ.
Тус тэмцээнд оролцсон тамирчдыг боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Н.Мөнхсайхан, эмч Э.Энхбаяр нар удирдсан юм.
Дээрх тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар хүрэл, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар мөнгөн медаль хүртэж тэмцээнд оролцсон 29 орноос багаараа дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Тэмцээний шигшээ тулаанд зургаан орны тамирчин л шалгаран үлдэснээс, үндсэн 10 жингийн есөн жинд нь Узбекстаны тамирчид аваргалж урьд өмнө гарч байгаагүй цаашид ч гаргахад бэрх амжилт үзүүллээ.
Узбекстаны шигшээ багийн тамирчид “Рио-2016” олимпын наадмаас гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Үүгээрээ энэ цаг үеийн дэлхийн шилдэг баг гэдгээ дэлхий дахинаа батлан харуулсан юм.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний зургадугаар байрт шалгарсан тамирчин ирэх наймдугаар сарын 23-аас есдүгээр сарын 3-нд ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулагдах ДАШТ-д оролцох эрхтэй боллоо.
Манай боксчид багаараа шагналт дөрөвдүгээр байрыг эзэллээ | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.