Шууд Chart

Максим Амелин “Яруу найрагч” шагналын эзнээр тодров

2017-05-25 14:15:09

ОХУ-ын яруу найргийг хөхиүлэн дэмжих нийгэмлэгээс Оросын орчин үеийн яруу найрагт гарамгай амжилт гаргаж буй найрагчдад “Яруу найрагч” (“ПОЭТ”) хэмээх эрхэм хүндтэй шагналыг олгоод даруй 12 жил болжээ.

Уг шагналыг яс үндэс, оршин суугаа газар зэргээс үл хамааран Орос хэлээр зохиол бүтээлээ туурвидаг амьд сэрүүн яруу найрагчдад олгодог онцлогтой. Энэхүү нэр хүндтэй шагналыг нэг хүнд ганцхан удаа л олгодог юм. Хоёр хүн зэрэг хүртэх, өөд болсон хойно нь нөхөн олгох асуудал үгүй ажээ. 

Шагнал хүртэгчийг Оросын яруу найргийг хөхиүлэн дэмжих нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар тодруулдаг байна. Уг шагналыг хамгийн анх 2005 онд Александр Кушнер, 2006 онд Олеся Николаева, 2007 онд Олег Чухонцев, 2008 онд Тимур Кибиров, 2009 онд Инна Лиснянская, 2010 онд Сергей Гандлевский, 2011 онд Виктор Соснора, 2012 онд ОХУ-ын Ардын уран зохиолч Евгений Рейн, 2013 онд тун саяхан талийгаач болсон ЗХУ, ОХУ-ын нэрт яруу найрагч Евгений Евтушенко, 2014 онд Геннадий Русаков, 2015 онд Юлий Ким, 2016 онд Наум Коржавин нар тус тус хүртэж байжээ. 

Тэгвэл энэ жил Оросын яруу найргийн байж болох бүхий л шагналыг хүртээд буй нэрт яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгч Максим Амелин “Яруу найрагч” шагналын эзнээр тодров.

Энэхүү нэр хүндтэй шагналыг олгох ёслолын ажиллагаа энэ сарын сарын 31-нд Оросын Зохиолчдын Төв Ордонд болох бөгөөд нэрт яруу найрагч М.Амелин дурсгалын диплом, энгэрийн тэмдэг зэргээс гадна 1,5 сая рублийн шагналыг хүртэх юм. Энэ нь Монгол мөнгөөр 60 гаруй сая төгрөг юм.

Сонирхуулахад, Максим Амелин 1991-1994 онд Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд дөрвөн жил суралцсан ч сургуулиа дүүргэлгүй орхижээ. Өмнө нь яруу найрагч асан Евгений Евтушенко мөн л уг сургуулийг дүүргэж чадалгүй орхиж байсан гэдэг.

Тус сургуулийн түүхэнд анх удаа дээрх нэр хүндтэй шагналын эзэн болсон эрхэм хоёр яруу найрагчид хүндэтгэл үзүүлж, дипломыг нь ямар ч шалгалтгүйгээр хамгаалуулах шийдвэрийг гаргажээ.

Өдгөө М.Амелин ОХУ-ын Орчуулагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, О.Г.И. хэвлэлийн газрын ерөнхий редакторын албыг хашиж байна. Тэрбээр Гомерын “Одиссей” туульсийн эхний бүлгийг хэдэн жилийн өмнө герег хэлнээс буулгасан нь утга зохиолын ертөнцөд ихээхэн дуулиан тарив.

Мөн Г.В.Катуллын “Сонгодог яруу найраг”, “Шүлгүүд” зэрэг олон бүтээл дуун хөрвүүлсэн аж. Яруу найргийн “Хоосон магтаал” (1996), “Dubia” (1999), “Горгонагийн морь” (2003), “Есөн хэмжээс” (2004), “Ойлгомж үгүй хэл яриа” (2011) хэмээх таван ном эрхлэн гаргажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Максим Амелин “Яруу найрагч” шагналын эзнээр тодров  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй