Шууд Chart

Супер лигийн Плей-Оффын хоёрдугаар шатны өрсөлдөөн эхэллээ

2017-05-26 15:55:14

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын хоёрдугаар шатны өрсөлдөөн эхэллээ. Супер лигийн тоглолт Үйлдвэрчний ордны спортын төв зааланд болж байна. Ингээд өчигдөр/2017.05.25/ болсон тоглолтын мэдээллийг хүргэе. 

Архангай Алтан дорнодын дайчид - Ховд Мон-Алтиус 114:117

Улирлыг амжилтаараа тэргүүлсэн Архангай Алтан Дорнодын Дайчид, Ховд Мон-Алтиус багтай энэ шатанд учраа таарсан. Тэд эхний давааг “гар амар” давсан. Ховд багийн хувьд эхний шатанд Увс Нуур-ыг 3-0-ээр буулган авсан. Тиймээс Ховд Мон-Алтиус багийн плей-оффын “цочроо” арилсан гэсэн үг. Харин Дайчид хасагдах шатны эхний “шалгалтаа” ийнхүү өгсөн юм. Дайчид плей-офф эхлэхээс өмнө Томми Уильямс гэх легионер тоглогчийг багтаа нэгтгэсэн аж.

Тоглолтыг Ховд Мон-Алтиус эрч хүчтэй эхлүүлсэн бөгөөд онооны тэргүүллийг авсан юм. Тус багаас Брэндон Моррис, Б.Батзолбоо нар нэгдүгээр үед алсын зайн шидэлтээ амжилттай болгож, 10 гаруй онооны давамгайллыг багтаа авчирсан. Хоёрдугаар үе ч Ховд Мон-Алтиус багийн хэмнэлд үргэлжлэв. Гэхдээ Дайчид хүчтэй өрсөлдөгч гэдгээ эхний хагасын төгсгөлд харуулсан. Үндэсний супер лигт эхний тоглолтоо хийж буй Томми Уильямс онцгой байж, Роберт Тюрнер, Ким Чол Мён нар түүнд тусалж байлаа. Гуравдугаар үеэс өрсөлдөөн улам хүчтэй өрнөсөн юм. Хоёр баг жинхэнэ плей-оффын тулаан ямар байдгийг сагсан бөмбөг сонирхогчдод бүрэн утгаар нь харуулж байв. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед багууд тэргүүллээ ээлж дараалан солилцож, хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөсөн юм. Улмаар гайхалтай, галзуу, гал гарсан өрсөлдөөний эцэст Ховд Мон-Алтиус 117:114-өөр Дайчидыг буулган авч, цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Брэндон Моррис 30 оноо, 10 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бөгөөд түүний хувьд алсын зайн шидэлтийг 10 удаа гүйцэтгэн долоог нь амжилттай болгожээ. Мөн Сим Кум Бёл 28 оноо, Рик Жэксон 18 оноо, 15 самбар, Б.Батзолбоо 16 оноо, 7 самбар, Б.Дархантөгс 15 оноо авсан юм. Харин Дайчид-аас Роберт Тюрнер 39 оноо, 12 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч, ээлжит трипл-даблиа гүйцэтгэлээ. Мөн Ким Чол Мён 25, Томми Уильямс 19, Э.Дорж-Арилд 10 оноо тус тус авав.

 SBL Хасын хүлэгүүд - Альянс тех харцага 107:111

Плей-оффын шатанд хоёрдугаар байраар шалгарсан SBL Хасын Хүлэгүүд, Альянс Тех Харцага багтай хагас шигшээд учраа таарлаа. Мөнхий өрсөлдөгчө хоёр багийн тулаан сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй. Өнгөрсөн жил тэд аваргын төлөө өрсөлдөн Харцага цувралд илүүрхсэн. Хүлэгүүд жилийн өмнөх хариугаа авахыг юу юунаас илүүтэй хүсэж байгаа нь тодорхой. Харцага-ын хувьд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн тэр чигтээ өөрчлөгдсөн.

Тоглолтын эхнээс Харцага давамгайлсан бөгөөд хоёрдугаар үеийн эхэнд онооны зөрүүг 17 боллоо. Гэхдээ эхний хагасын төгсгөлд Хүлэгүүд сэргэлт авч, онооны зөрүүг ойртуулсан юм. Улмаар хоёрдугар үе найман онооны зөрүүтэй өндөрлөв. Гуравдугаар үе тэнцүүхэн өрнөв. Хүлэгүүд-ийн ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нар багаа довтолгоонд маш сайн удирдаж байсан. Шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн төгсгөлд Харцага төвийн тоглогч Брэндон Гүүде, хамгаалагч Г.Цэнгүүнбаяр нар алдааны асуудалд орж, тоглолтыг чөлөөлөв. Гэхдээ Харцага тэргүүллээ хадгалж, 111:107-гоор өрсөлдөгчөө буулган авлаа. Ийнхүү Альянс-тех Харцага цувралыг тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Чой Рю Ри 25 оноо, 9 самбар, 13 оновчтой дамжуулалт өгч, багаа ялалтад хөтөлсөн юм. Мөн Э.Дөлгөөн 22 оноо, 12 самбар, Г.Цэнгүүнбаяр 21 оноо, Брэндон Гүүде 16 оноо, 9 самбар, Дорждамба 11 оноо авчээ. Харин Хүлэгүүд-ээс Б.Билгүүн 30 оноо, 8 самбар, Т.Санчир 28 оноо, 11 самбар, Эндрью Батлер 20 оноо, 13 самбар, Дэвис 12 оноо авсан байна. Цувралын дараагийн тоглолт маргааш МХХ-ны футзалны ордонд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Супер лигийн Плей-Оффын хоёрдугаар шатны өрсөлдөөн эхэллээ  
Үзсэн: 1660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй