Шууд Chart

Боулинг cонирхогчдын анхдугаар тэмцээн онц өрсөлдөөнтэй боллоо

2017-05-30 12:31:41

Монголын Боулинг сонирхогчдын УАШ анхдугаар тэмцээн өчигдөр “Big bowling” төвд болж нийт 28 багийн 112 тамирчин өрсөлдлөө.

09:00 цагт эхэлж, 01:00-д дууссан энэ тэмцээнд цол зэрэгтэй, мэргэжлийн болон туршлагатай тамирчдыг оролцуулахгүй зөвхөн анхан шатныхан буюу сонирхогчдын дунд зохион байгуулснаараа онцлог. Тийм ч болохоор өмнөх тэмцээнүүдээс илүү олон хүнийг хамарч чадлаа. 

Багууд дөрвөн ээлжээр шидэж, нэг баг гурван тоглолт хийж нийлбэр дүнгээр шилдэг долоон багийг шалгаруулж, бүх оноог нь тэглэж дахин нэг шидэлт гүйцэтгэж аваргаа тодруулсан нь тун сонирхолтой байв.

Багийн төрлийн аваргаар “МТ” группын баг тодорсон бол хоёрдугаар байранд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг, удаах байранд “Шунхлай” компанийн баг орлоо.

Онцлоход мөнгө, хүрэл медаль хүртсэн багийн оноо тэнцэж, шовхоо үзэх тоглолт хийснээр медалийн өнгөө шийдсэн юм.

“Монгол ньюс” группын “Өнөөдөр” сонины хоёрдугаар баг урьдчилсан шатанд тавдугаар байранд шалгарч, шилдэг долоон багийн шидэлтэнд дөрөвдүгээр байранд орж, хүрэл медалийн оосроос атгахад ердөө л 13 оноо дутлаа.

Ганцаарчилсан төрөлд тамирчин бүр гурван тоглолт гүйцэтгэж, нийлбэр дүнгээр өндөр оноо авсан 14 тамирчинг медалийн төлөө өрсөлдүүлэхэд 13, 14, 15-аар орсон тамирчин ердөө л ганц ганц онооны зөрүүгээр байрлалаа тогтоож, нэмэлт нэг тоглолт хийж нийлбэр дүнгээр медальтнуудаа шалгаруулсан юм.

Ганцаарчилсан төрөл, эр – аварга Б.Түвшинбаяр (АПУ трейдинг баг, 627 оноо), мөнгөн медаль Э.Цолмон (Family баг, 626 оноо), хүрэл медаль Б.Очирхуяг (МТ групп, 624 оноо)

Ганцаарчилсан төрөл, эм – аварга С.Бүжинханд (МТ групп, 531 оноо), мөнгөн медаль А.Хонгорзул (Lucky strike клуб, 522 оноо), хүрэл медаль Б.Оюунтуяа (British school of Ulaanbaatar, 515 оноо)

Тэмцээний шилдэг тамирчин буюу хамгийн өндөр онооны эзэн, эр – Н.Мөнхсайхан (ТЭЦ-3 баг, 224 оноо)

Тэмцээний шилдэг тамирчин буюу хамгийн өндөр онооны эзэн, эм – Н.Нургүль (ТЭЦ-3 баг, 166 оноо). 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боулинг cонирхогчдын анхдугаар тэмцээн онц өрсөлдөөнтэй боллоо  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй