Шууд Chart

Чингисийн талбайд сагсан бөмбөгийн “тулаан” болно

2017-05-30 16:43:18

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн 'FIBA 3x3 Ulaanbaatar Challenger /Гранпри/ тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 03-04-нд Чингисийн талбайд болно.

Серби, Словени, Бразил, Испани, Голланд, Австрали, Япон, БНАСАУ, Франц, Чех, ОХУ-ын шилдэг 12 баг хүрэлцэн ирэх тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж “UB Garuda” багаар ахлуулсан дөрвөн баг оролцох ажээ.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээнд тэргүүлсэн шилдэг хоёр баг долдугаар сард Японд болох 'FIBA 3x3 world tour”-т өрсөлдөх эрхтэй болох юм.

Тэмцээнийг дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулах тул Сүхбаатарын талбайд өндөр хурдны интернет холбох, 468 хүний суудалтай талбай засах гээд бэлтгэл ажлууд үргэлжилж байгааг өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулагчид хэллээ.

Тэмцээнд оролцохоор дэлхийн шилдэг тоглогчид Монголд ирнэ. Тухайлбал, 2016 оны FIBA 3x3 төрлийн Дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Душан Булут, 2016 оны 'FIBA 3x3 world tour”-ын аварга Словений баг бүрэлдэхүүнд багтжээ.

Монголын сагсан бөмбөгчид 3x3 төрөлд сүүлийн хоёр жилийн хугацаанд өндөр амжилт гаргаж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй. Анх олон улсын тэмцээнд оролцож эхлэхдээ 160 хавьд эрэмбэлэгдэж байсан Монголын сагсчид одоо FIBA 3x3 төрөлд 66-л бичигдэх болсон.

Манай тамирчид өнгөрсөн хугацаанд дараах амжилтыг үзүүлээд байна.

Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөнгө, 2015 он

Азийн элсний наадам, мөнгөн медаль, 2016 он

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, мөнгөн медаль, 2016 он

Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн, алтан медаль, 2017 он

'FIBA 3x3 Challenger /Дэлхийн гранпри/, хүрэл медаль, 2017 оны 5 дугаар сар 30

Удахгүй манай сагсчдыг Японд долдугаар сард болох 'FIBA 3x3 world tour”, есдүгээр сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Хотынхоо төв талбайд зохион байгуулах сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнийг үзэж сонирхохыг урьж байна. Тэмцээний эхний өдөр хэсгийн тоглолтууд үргэлжилж, хоёр дахьн өдөр  хасагдах шатны тоглолтууд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чингисийн талбайд сагсан бөмбөгийн “тулаан” болно  
Үзсэн: 1372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй