
ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 1,2-нд болсон Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцов.
Чуулга уулзалттай зэрэгцэн Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгийг байгууллаа. Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад дөрвөн сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тодруулбал “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”-т ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн гарын үсэг зурсан юм.
Ингэснээр ОХУ-аас 2017-2018 онд Монгол Улсад 2017 оны хоёрдугаар улиралд багтаан ОХУ-ын “Холбооны Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин нийт 4 119,20 мянган тунг нийлүүлэх юм. Вакцинжуулалтын ажлын үр дүнг үнэлэх болон эрүүл бүс дэх халдварын тархалтыг тогтоох тандалт шинжилгээний ажлыг Оросын Холбооны Улсын мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлэх зэрэг ажлууд хийгдэх боломжтой болж байна.
П.Сэргэлэн “Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ОХУ-аас дөрвөн сая тун вакцин нийлүүлнэ. Хэлэлцээр байгуулагдсанаар вакцины ачилт хийгдэх юм. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бэлтгэлийг ч хангасан” гэдгийг онцлов.
Мөн энэ үеэр талууд махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой үр дүн гаргаж ажиллахаар ярилцав. Ингэхдээ Монгол, Оросын бизнесмэнүүд хамтарсан махны үйлдвэр Монгол Улсад байгуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь ОХУ худалдан авахад анхаарч ажиллах шийдэлд хүрсэн гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас боловсруулж байгаа “Ноолуур” хөтөлбөрт хамтарч ажиллах саналыг Монгол Улсын Засгийн газраас тавьжээ. Хоёр орны хил орчмын худалдааг хөгжүүлэхэд үр дүн гаргаж, ажиллах асуудал ч хөндөгдсөн юм. Удахгүй ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байна.
ХХААХҮ-ийн яам ОХУ-тай мал эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.