
Монгол Улсын үндэсний урлагийн их театрын үндэсний хөгжмийн их найрлын 55 жилийн ойд зориулсан гоцлол хөгжимчдийн концерт энэ сарын 10-нд Үндэсний урлагийн их театрын тайзнаа болно.
Монгол хэмээх овог аймаг, олон зууны турш ээлж дараалан суудал солигдох их хаадынхаа сүр хүчээр улс гүрнээ байгуулж, өөр өөрийн онцлогтой дуу хуурын баялгийг бий болгон нүүдэлчин омгийнхоо түүх соёлыг айзам хэмнэл, ая дан, найруу эгшгээр илэрхийлэхдээ хөгжмийн зэмсгийн баялаг уламжлалыг бүтээж байсан нь оюун сэтгэлгээний томоохон ололт юм.
Хүннү гүрний үед Монголын анхны төрт улс бий болж төрийн ёслол хүндэтгэлийг хөгжимтэй холбож ирсэн. Ийнхүү Найрал хөгжмийн түүхийн мөчлөгийг Хүннү гүрний үеэс эхлэн ХIII зуун буюу дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй бүтэц бүхий Төрийн ёслол хүндэтгэлийн найрал хөгжмийг бүтээсэн түүхэн оргил үе болох Их Монгол Улсын хаан Эзэн Чингис, түүний үе залгамжлагч Өгөдэй, Гүюг, Мөнх нарын үеийн хөгжмийн хороо, их найрал, Хубилай хааны Их Юань улсын ордны их найрал хөгжмийн түүхээс судлан үздэг юм.
Эдгээр ордны дуу хөгжим, хаадын үе залгамжлалын тухай үнэ цэнэтэй баримт алдарт жуулчин Марко Поло, Плано Карпини, Вилъям Рубрук нарын тэмдэглэл бичгийн дурсгал, “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Алтан товч”, “Болор эрхи”, “Хөх судар” зэрэг цаг цагийн түүхэн сурвалж, ном товхимолд хадгалагдан байна.
Чингис хаан, түүний залгамжлагчид байлдан дагуулалтынхаа нүргээн дундаа хүмүүний сэтгэлийн учгыг хөндөж чадах хөгжмийн зэмсгийн хүч чадалд анхааран, эзлэн суусан улс орныхоо шилмэл, шилдэг бүхнийг олж танин, хураан цуглуулж чадсаны үр дүнд өргөө ордондоо олон арван хүнтэй чуулга төдийгүй дөрөв таван зуун хөгжимчинтэй Төрийн их найрал хөгжим бүрдүүлж байсан нь зүгээр нэг зугаа цэнгэлийн хэрэглээ бус шашин шүтлэг, хэл соёлоороо өөр өөр ард түмний сэтгэлийг түвшитгэх төдийгүй тэдний бишрэл хүндэтгэлийг олох холч санааны илрэл байжээ.
ХХ зууны хоёрдугаар хагаст Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж санаачлан их найрлыг сэргээн Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал байгуулсан нь 2005 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн “Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай” зарлигаар өргөжин дахин сэргэсэн юм. Энэ удаа үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчдийн бүтээлүүдийн яруу тансаг аялгуу эгшиглэх гэж байна.
Тодруулбал, Д.Ариунболд “Нөмрөг хадны дууль” гоцлол хөгжимчин Д.Адъяадорж, Үндэсний хөгжмийн их найрал, Ж.Бизе “Кармен фантази” гоцлол хөгжимчин Т.Өлзийжаргал, Ш.Өлзийбаяр “Эвэр бүрээ, цуур хөгжимд зориулсан концерт” Н.Жүрмэддорж, Б.Шарав “Шанз хөгжимд зориулсан концерт” гоцлол хөгжимчин Ц.Батжаргал, Н.Паганини “Мосе фантази” голцол хөгжимчин Э.Мөнхбаяр, Цэн.Эрдэнэбат “Торгоны зам” гоцлол хөгжимчин Ө.Ариунхишиг, Ван Жэ Мин “№1 Рапсоди” гоцлол хөгжимчин Ч.Отгонбаяр, Ж.Гершвин “Блюз Рапсоди” гоцлол хөгжимчин Г.Шинэбаяр, удирдаачаар, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар нар авьяас билгээ толилуулна.
Гоцлол хөгжимчид шилдэг хөгжмийн бүтээлийг эгшиглүүлнэ | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.