Шууд Chart

“Үл бүдгэрэх өв” хоёр дахь удаагаа зохиогдлоо

2017-06-05 14:55:13

Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/218 дугаар захирамжаар батлагдсан “Үл бүдгэрэх их өв” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн бөх, морь цоллоочдын хоёрдугаар уралдааныг энэ сарын 2-4-нд зохион байгууллаа. 

Монгол үндэстний язгуур уламжлалт соёл урлаг, ёс заншил, зан үйлийг өсвөр залуу үед өвлүүлэн үлдээх зорилго бүхий уг сургалт, уралдааныг аймгийн ИТХ-аас батлагдсан “Хүний хөгжлийг хангах, хөгжлийн индексийг дээшлүүлэх, аймгийн эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн төлөө мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, сургалт, шагнал, урамшуулал, эрүүл мэнд-спорт, хүүхэд-боловсрол, соёл урлагийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх” зардлаас санхүүжүүлсэн байна.

Сургалт, уралдааны багш, шүүгчээр Монгол Улсын засуул, цоллооч Э.Хүрэлбаатар хоёр дахь жилдээ хүрэлцэн ирж ажилласан нь оролцогчдын талархлыг хүлээлээ.

Сургалт, уралдаанд 80 гаруй ардын авьяастан, багш, сурагч оролцсоноос бөхийн цолны төрөлд С.Цэрэнтогтох тэргүүн байр эзэлсэн бол дэд байрыг Хөлөнбуйр сумын ЕБС-ийн сурагч Ц.Сэргэлэн, гуравдугаар байрыг Хөлөнбуйр сумын ардын авьяастан 
С.Мөнхтулга эзэлсэн байна.

Морины цолны төрөлд тэргүүн байрыг Матад сумын уугуул, Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Ш.Отгонбаатар, хоёрдугаар байрыг “Дорнод НАА”-ХК-ийн ажилтан 
М.Эрдэнэжаргал, удаах байрыг нэгдүгээр сургуулийн сурагч Л.Уранбанди нар эзэлжээ.  

Жил бүр хэрэгжихээр төлөвлөгдөөд байгаа “Үл бүдгэрэх их өв” төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас үнэлж улсын хэмжээнд тэргүүн туршлага болгон нэвтрүүлэх, улсын болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээр болжээ.

Уралдаанд амжилттай оролцсон цоллоочид аймаг, сумын наадмаар хүчит бөх, хурдан морины цол дуудах бөгөөд сур, шагайн уухайн сургалт, уралдаанд мөн адил оролцоно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Үл бүдгэрэх өв” хоёр дахь удаагаа зохиогдлоо   
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй