
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг төрийн өмчит компани хариуцна
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх боллоо.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгалаа.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг хариуцан, зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, төслийн ТЭЗҮ боловсруулах үед гүйцэтгэлийн хяналт тавих, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, үйлдвэр болон дамжуулах хоолой барих ажлын бэлтгэлийг хангах зэрэг үүрэг хүлээжээ.
Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. Энэ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-тай зөвшилцөнө
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. Гурван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн хүрээнд бодлогын 29 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.