
Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.
Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал зохих хоол хүнсний хэрэгцээний 40-45 хувийг үдийн хоолоор авч байх боломж бүрдэж байна.
Засгийн газрын “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу тусгай сургуулийн бага ангийн сурагчдад өдөрт 600 төгрөгийн үдийн цай өгч байгаа юм.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын харааны болон сонсголын бэрхшээлтэй тус бүр нэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөрвөн тусгай сургуульд 1602 хүүхэд суралцаж байна. Сурагчдын үдийн хоолны зардал нь жилд 746 сая төгрөг болох бөгөөд энэ оны төсөвт хүндрэл учрахгүй юм.
Товч мэдээ
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
- Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- “Олон улсын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргааны үед баримтлах журам”-ыг хавсралтаар баталлаа. Энэ нь маргааныг арбитрт шилжихээс өмнө аль болох эв зүйгээр, хэлэлцээний замаар шийдвэрлэх, гэрээний төслийн эсвэл гомдол шийдвэрлэх шатанд маргаанаас урьдчилан сэргийлэх, олон улсын арбитрын маргааны үед холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг шуурхай хангах зорилготой юм.
- “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, харилцан мэдээлэл солилцох журам”-ыг баталлаа. Ингэснээр байгууллагууд хоорондоо цахим мэдээлэл солилцох замаар төрийн цахим мэдээллийн санг ашиглах, хадгалалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх, найдвартай үйлчилгээг иргэн, байгууллагад түргэн, шуурхай хүргэх юм.
Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.