
2017 он гарснаас хойш улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 10, 12 аймгийн 42 суманд 69 удаа гарчээ.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Байнзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим гарсан ойн түймэрт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын зургаан ажилтан, орон нутгийн 26 иргэн энэ сарын 7-нд цурманд орууллаа.
Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” хэмээх газар гарсан ойн түймэрт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 25 иргэн ажиллаж өнгөрсөн тавдугаар сарын 31-нд цурманд оруулжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулсын “Залаатын ам” гэдэг газар энэ сарын 5-нд ойн түймэр гарч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангийн 45 албан хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны долоон ажилтан, орон нутгийн 12 иргэн ажиллаж, түймрийг тэр өдөртөө цурманд оруулсан байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар мөн өнгөрсөн тавдугаар сарын 27-нд гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 51 иргэн ажиллаж, энэ сарын 7-ны 18:45 цагт бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгөөд байна.
Цаг агаар халж, хур тунадас бага, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа энэ үед иргэдээ амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байхыг анхааруулья.
Он гарснаас хойш нийслэл, орон нутагт 69 түймэр гараад байна | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.