
Ялангуяа уран зохиолд элэгтэй хүмүүсийн унших дуртай сэтгүүл болох “Улирал ба зохиолч”-ийн зуны улиралын дугаар өчигдөр хэвлэлтээс гарчээ. Иймд тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаатай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-“Улирал ба зохиолч” сэтгүүл одоо уран зохиолын шилдэг цоморлиг гэж нэрлэгдтэлээ уншигчдын танил болжээ. Хэд дэх жилдээ гарч байна вэ?
-Дөрөв дэх жилдээ гарч байна. Чухамдаа бол 14 улирал дараалан тасралтгүй гарч уншигчдад хүрч байгаа юм. Дэлхийн болон Монголын зохиолчдын шинэ, шилдэг, шидээвэр бүтээлийг уншигчдад хүргэх нь гол зорилго. Тэгээд ч манай сэтгүүлийн үндсэн уриа “Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй...” шүү дээ.
-Тууж, өгүүллэг, яруу найраг, шүүмж, онол, судлал, эртний болон хүүхдийн уран зохиол, зохиолчдын захидал, өдрийн тэмдэглэл, орчуулга, аян замын тэмдэглэл, хөрөг, найруулал,дурсамж, эсээ, туурь, ойллого, афоризм, онигоо, наргиа гээд уран зохиолын бүхий л төрлийг энэ сэтгүүлээс уншдаг л даа. Олон хүн ам сайтай байна билээ ...
-Ер нь аль болох солонголог бүтэцтэй гаргахсан гэж зорьдог юм. Энэ удаагийн дугаарт гэхэд Ганжуур, Даанжуурын тухай маш сонирхолтой судалгааны өгүүлэл бий. Мөн Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба агсны мэдэлсний 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн цомог, бичвэр, дурсамж ч уншигчдын сэтгэлийг татна. Нобелийн шагналт, Ирландын зохиолч Ж.Бернаорд Шоугийн хөрөг, түүний хэлсэн афоризм ч бий.
-“Монгол туургатны яруу найраг”, “Сүүтэй дөрөө” зэрэг уламжлалт булангаас гадна шинээр хуудас нэмэгдсэн үү?
-“Цаасан урлаач, яруу найрагч Ц.Галбадрахын галарей” гэсэн шинэ буланд ардын уран зохиолчдын цаасаар хайчилсан хөрөг тавигдаж байгаа нь манай сэтгүүлийн гоё шигтгээ болсон шүү. Энэ дугаараас эхлээд “Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэг” гэсэн булан нээсэн. Үүнд нэрт Монгол орчуулагчдын орчуулсан шүлгийг эхтэй нь хамт тавьсан байгаа. Энэ дугаарт яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй, О.Чинбаяр нарын орчуулсан Евгений Евтушенко, Н.Гумилев нарын шүлгийг Орос эхтэй нь багтаасан. Ингэсэн нь залуу орчуулагчдад хэрэг болох байх. Түүнчлэн “Уншигчаас захидал ирлээ...” гэсэн булан нээсэн. Энэ нь уншигч, сэтгүүл эхмэтгэн гаргагч бидний чин дотно харилцаанаас үүдсэн.
-Захиалагчдын тоо хэр нэмэгдсэн бэ?
-Хамгийн гоё асуулт байна. Нэмэгдсээр л байгаа Бүр олон янз хэлбэрээр гэж хэлж болно. Л.Төрбаяр захиралтай Шинэ-Ази группийн дэргэд “Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” нэртэй сан бий. Энэ сан Идэрийн эх хэлний олимпиадад амжилттай оролцогч Монгол хэл уран зохиолын 40 орчим багшид бүтэн жилийн дугаарыг захиалж хүргэлээ. ХХЕГ-ын оюунлаг хамт олон манай сэтгүүлийн байнгын захиалагч юм. Түүнчлэн оюунлаг уншигчдын минь дунд уугуул сумынхаа сургуульд энэ сэтгүүлийг захиалан илгээх хөдөлгөөн өрнөлөө. Энэ бол төрөлх сургуульдаа төгсөгчдийнх нь оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт биш гэж үү. Энэ гэгээлэг үйлсийг яруу найрагч, зохиолчид минь манлайлж байна. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Мягмаржав Завхан аймгийн Идэр сумынхаа дунд сургуульд бүтэн жилээр захиалахаар болсон. Энэ мэт оюунлаг үйлс уншигч, захиалагчдын дунд улам өрнөсөөр л байна. Би ч бас Баян-Овооныхоо сургуульд эхний дугаараас нь эхлээд л хүргэсэн дээ. Номын санд нь сэтгүүлийн минь 14 дугаар улиралынхаа өнгөөр алаглан байгаа.
Энэ улиралын онцлох зохиолчоор хэнийг нэрлэсэн бэ. Мөн онцлох ном ч тодорсон байх учиртай ...
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн улиралын онцлох зохиолчоор тодрохгүй бол хэн тодрох вэ, дээ. Харин онцлох номын тухайд Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын шинээр гарсан 13 боть тодорсон доо.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа ...
-Би ч бас баярлалаа. Уншиж л гэгээрнэ гэсэн ерөөл айлтгая.
Д.Нямаа: Энэ дугаарт Евгений Евтушенко, Н.Гумилев нарын шүлгийг Орос эхтэй нь багтаасан | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.