Шууд Chart

“Марзан” Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээл Афин, Касселд байршжээ

2017-06-14 09:27:20

“100 өдрийн музей –Документа”-гийн 14 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн “Афинаас суралцахуй” нэртэйгээр Грекийн Афинд дөрөвдүгээр сарын 8-нд, Германы Касселд энэ сарын 10-нд нээлтээ хийжээ.

60 гаруй жилийн түүхтэй энэ үзэсгэлэнг дэлхийн дүрслэх урлагийн цөм гэж үздэг юм.

Амьд сэрүүн бус 120 гаруй уран бүтээлчийн 1000 гаруй бүтээлийг дэлхийн олон орны музейн цуглуулгаас авч ирэн Афин, Касселд байршуулжээ. Үүний дотор манай улсын нэрт зураач “Марзан” Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээл ХБНГУ-ын алдарт уран бүтээлч Жосеф Боиз болон бусад уран бүтээлчийн бүтээлтэй зэрэгцэн Касселын “Neue Galerie”-д байрлаж байна.

Таван жил тутамд зохион байгуулдаг, өндөр зэрэглэлийн үзэсгэлэнд Монгол уран бүтээлчид анх удаа оролцлоо.

Ерөнхий куратор Адам Чимчикийн урилгаар олон улсын 160 гаруй уран бүтээлч үзэсгэлэнд оролцож Афинд 47, Касселд 30 гаруй байгууламж дотор бүтээлүүдээ дэлгэв. Монгол Улсаас оролцож буй уран бүтээлч Ц.Ариунтөсийн 2013 онд бүтээсэн “Нэр үл мэдэх орон зай” видео ажил Афины Контемпорари урлагийн музейд, 2013 оны “Үйлдэл” бүтээл нь Кассел хотын Байгалийн музейд, уран бүтээлч Б.Номингийн 2017 онд туурвисан “Монголын нэг өдөр”, “Саарал ордон” бүтээлийн хамт байршиж байна.

Куратор Адам Чимчик уран бүтээлч Б.Номинд “Марзан” Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлээс сэдэвлэн шинээр хоёр бүтээл туурвих хүсэлт ирүүлжээ. Энэ дагуу тэрбээр өнөөгийн Монгол орны амьдралыг харуулсан “Монголын нэг өдөр”, Төрийн ордныг тойрон буй Улаанбаатарын амьдралыг харуулсан “Саарал ордон” хэмээх бүтээлээ Монгол зургийн арга барил ашиглан туурвижээ.

Документагийн урилгаар урлаг судлаач Ц.Уранчимэг, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа нар Б.Номин, Ц.Ариунтөгс нарын бүтээлийн талаар үзэсгэлэнгийн танилцуулга болох “Daybook”-т зориулсан бичвэрийг бэлдсэн байна.

Афин болон Касселд болсон нээлтэд Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос, Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, дэлхийн томоохон музейн захирлууд, дүрслэх урлагийн мэргэжилтнүүд, кураторууд, уран бүтээлчид болон 3000 гаруй сэтгүүлч оролцжээ.

Харин ХБНГУ-ын Кассел хотод энэ сарын 7-9-ны хооронд зохион байгуулсан хаалттай үзвэр, 10-ны өдрийн албан ёсны нээлтэд Соёл, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон бусад төлөөлөгчид, Документа 14-ийн Монгол дахь хамтрагч, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, уран бүтээлчдийн гэр бүлийнхэн оролцжээ.

“Документа 14” олон улсын үзэсгэлэн Афинд дөрөвдүгээр сарын 8-наас долдугаар сарын 16, Касселд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Марзан” Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээл Афин, Касселд байршжээ  
Үзсэн: 12101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.122.xxx] 2017-06-16 01:14
дэлхийн оддын хэдэн саяар үнэлэгдэх бүтээлүүдийн дунд байж байгаад нь баярлах ёстой бус уу. ганцааранг нь тавиад Документа мөнгө тоолоод сууж байна гэж байхгүй байх
Зочин [202.72.242.xxx] 2017-06-14 13:07
үзэсгэлэн яахав дээ хамгийн гол нь цугларсан мөнгийг монгол руу шилжүүлэхээ мартав дээ

Бидэнтэй нэгдээрэй