
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар “BBC” агентлагаас жил бүр тодруулдаг шилдэг дуурийн дуучин шалгаруулах “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдааны романс төрөлд тэргүүн байр эзэллээ. Тэрбээр тус тэмцээнд ари болон романс төрлөөр өрсөлдсөн бөгөөд ари төрөлд шилдэг тавын нэгээр шалгарч, шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг мөн гардав.
Тэрбээр тэмцээний явцад Ф.Шуберт, П.И.Чайковский, Г.Форе болон хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлийг сонгожээ.
“The Song Prize” төрөлд тэрбээр АНУ-ын дуучин Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр түүний тухай "Тэр дуучныхаа хэмжээнд яг л байгалийн хүч мэт байлаа. Бас түүний уужим хоолой гэдэг ч бас зөв үг. Гэхдээ ганцхан хоолой гэхээсээ илүү өөрийгөө дуундаа бүрэн татаж оруулж байгаа тэр мөн чанарыг нь ярих нь зүйтэй. Түүний өмнө үнэхээр, үнэхээр сайхан ирээдүй байна" хэмээн зөвлөх шүүгч Мэри Кинг ярьжээ.
Энэ удаагийн тэмцээнд Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар өрсөлдсөн бөгөөд 400 гаруй оролцогчоос хоёул шилдэг 20-т багтаад байсан юм.
Дээрх тэмцээн нь нийт дөрвөн цомтой бөгөөд ийнхүү тэрбээр гурвыг нь хүртлээ.
Нэмж хэлэхэд тэрбээр сүүлийн шатанд Монгол Улсын төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргал агсны шүлэг "Монголын тал нутаг" дууг Монгол хэлээрээ дуулав. Энэхүү том тэмцээнд Монгол дуу дуулагдсан нь анхны тохиолдол болохоор элэг нэгт Монголчуудын бахархал улам төрж байлаа.
Г.Ариунбаатар дөрвөн цомын гурвыг нь хүртлээ | ||
Үзсэн: 2079 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.