Шууд Chart

“Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт өнөөдөр болно

2017-06-20 09:39:34

Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Өд” сангаас эрхлэн гаргасан “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт өнөөдөр болно.

Р.Чойномын уран бүтээлийн өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Өд” сан нь 2000 оноос эхлэн нэрт найрагчийн зохиол бүтээлийг хэвлэж эхэлсэн юм. Түүнээс хойш 25 цуврал ном хэвлэгдсэн учир тэдгээр номоо ботилох хэмжээнд хүрсэн гэж үзээд уг 13 боть номыг бүтээжээ. Номын тухайд I-II боть нь шүлэг, III-IV боть нь найраглал, V-VI боть нь шүлэглэсэн тууж, роман, VII-VIII боть нь өгүүллэг, тууж, роман, IX боть нь орчуулгын бүтээл, X боть нь захидал, XI боть нь дурсамж, хууч яриа, XII боть нь сурвалжлага, ярилцлага, XIII боть нь судлал шинжлэл гэсэн бүтэцтэй ажээ.

Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Ганболд ном болоод хос цомгийн тухай “Өнгөрсөн онд Р.Чойном найрагч мэндэлсний 80 жилийн ой тохиосон. Тэрхүү ойн хүрээнд бид Р.Чойном найрагчийн зохиол бүтээлийг нэгтгэсэн 13 боть ном бүтээх ажлаа эхэлж, энэ онд дуусгаж байна. Бид номоо бүтээхдээ Р.Чойномын өөрийнх нь гар бичмэлээс буулгах гэж их хичээсэн. Энэ явцдаа ойролцоо нэртэй шүлгүүдийг нь хольж бичих явдал байсныг гар бичмэлтэй нь тулгаж, цэгцэлсэн. Судалгаанаас үзэхэд найрагчийн маань 1800 гаруй бүтээл байдаг. Энэ дотроос өмнө нь ганцхан удаа хэвлэгдэж түүнээс хойш дахин хэвлээгүйн улмаас мартагдсан зохиол бүтээлийг нь номондоо оруулсан. Хос цомгийн тухайд эхний цомгоо “Эрх чөлөө” гэж нэрлэсэн. Найрагчийн маань хүсэл мөрөөдөл, зохиол бүтээлийнх нь цаад мөн чанар нь эрх чөлөөний дуулал болж байсан учраас ийм нэр өгсөн. Хоёр дахь цомог маань “Уур минь хүрч байна” нэртэй. Р.Чойном 1969 онд хэцүү нэртийн хаалга татах болсон шалтгаан нь “Уур минь хүрч байна шүлэг”. Тиймээс хоёр дахь цомгоо ийн нэрлэсэн. Цомогт маань П.Цэрэндагва, Л.Чаминчулуун, Д.Сосорбарам зэрэг манай урдаа барьдаг нэртэй уран бүтээлчид өөрсдийн дуу хоолойгоор Р.Чойном найрагчийн шүлгүүдийг мөнхөлсөн” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт өнөөдөр болно   
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй