
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр / 2013.11.20 / үдээс өмнө хамтран хуралдаж Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолыг төслийг хэлэлцлээ.
Хоёр байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад хамтарсан байнгын хорооны тогтоол гаргаж УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажилласан байна.
Ажлын хэсэг нийт 56 саналыг хэлэлцэн санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн саналыг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар бэлтгэжээ.
УИХ-ын гишүүн, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Хилийн боомтын захиргаа нь хилийн бүсийн аюулгүй байдал болон салбарын олон байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зангидах чиг үүрэгтэй тул Монгол Улсын Шадар сайд Боомтын нэгдсэн захиргааг удирдана гэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал гаргасан ч байнгын хороодын гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй.
Харин УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хилийн боомтын тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс, түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна" гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Хуулийн төслийн "Боомтын нэгдсэн захиргаа нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын удирдлагад ажиллана" гэсэн заалтын талаар гишүүд өөр байр суурьтай байлаа. Тухайлахад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь тамгын газар, тиймээс ажлын албанд энэ асуудлыг хариуцуулах нь буруу гэж үзэж байгаагаа хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин боомт дээрх хилийн бүсийн аюулгүй байдал, хилийн дэглэм, хууль эрх зүйн болон гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын гээд ажлын уялдаа холбоо муу байгаа, иймээс бодлогын хүрээнд давхардсан чиг үүргийг нэгтгэх шаардлагатай учраас боомтын захиргааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар удирдаж зохицуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Байнгын хороодын гишүүд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хилийн боомтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.