Шууд Chart

М.Түмэнбаяр анхдагч боллоо

2017-08-11 14:01:45

Монгол улсад олимпийн таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник, ур чадвар богино хугацаанд өсөж байна.

Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин Моломын Түмэнбаяр нь саяхан болсон ДАШТ-ний шагналт тавдугаар байрт шалгарч, мөн БНСУ-д зохиогдсон “Корёо опэн” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчин боллоо. Ийнхүү тэрбээр Дэлхийн таеквондогийн холбооны наймдугаар сарын Дэлхийн чансааны 54, 58 кг-ын жингийн тамирчдын амжилтыг нэгтгэн гаргасан олимпийн чансааны 58 кг-ын жинд 1408 тамирчнаас 28 дугаарт эрэмблэгдлээ.

М.Түмэнбаяр нь олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин болов. Тэмцээн ирэх есдүгээр сарын 22-24-нд Морокко Улсад “Rabat 2017 World Taekwondo Grand Prix” нэртэйгээр зохион байгуулагдана.

Таеквондогийн спортын онцлог нь олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг. Олимпийн чансааны эхний зургаад эрэмблэгдсэн тамирчид олимпийн наадамд оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ олимпийн эрхийн төлөөх тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр олимпод оролцох эрхээ авдаг шалгуур өндөртэй спортын төрөл юм.

М.Түмэнбаярын гаргасан амжилтаас дурьдвал:

2013 онд Зүүн Азийн наадмаас 54кг-ийн жинд хүрэл медаль.

2013 онд Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 58кг-ийн жинд алтан медаль.

2013 онд Оюутны Азийн Аваргаас багийн тулаанаар алтан медаль.

2014 онд Азийн наадмын 54кг-ийн жинд хүрэл медаль.

2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 58кг-ийн жинд мөнгөн медаль.

2016 онд Парисын нээлттэй тэмцээнээс 58кг-ийн жинд хүрэл медаль. 

2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 58 кг-ийн жинд шагналт тавдугаар байр.

2017 онд Korea open international taekwondo championships тэмцээнээс 58кг-ийн жинд алтан медаль. Шилдэг эрэгтэй тамирчин.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Түмэнбаяр анхдагч боллоо  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй