
Гүрж Улсын нийслэл Тбилиси хотноо ирэх есдүгээр сарын 2-28-нд шатрын "Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд манай улсаас их мастер Ц.Батчулуун эрхээ аваад байгаа билээ.
Энэхүү тэмцээн анх Дэлхийн бүс хоорондын аварга шалгаруулах тэмцээн нэртэйгээр 1950 оноос хойш гурван жилд нэг удаа зохиогдож байв. Хамгийн сүүлд 1993 онд зохион байгуулагдсанаас хойш олон улсын шатрын холбоо дотроо Мэргэжлийн шатрын холбоо болон задарч, хоёр тусдаа аваргаа тодруулдаг болсон юм. Үүнийг 2000 онд нэгтгэн В.Крамник аваргалж удтал хүлээсэн маргааныг эцэслэсэн билээ.
Түүнээс хойш сондгой тоотой жил бүр эрэгтэйчүүдийн дунд, тэгш жилд эмэгтэйчүүдийн дунд "Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсаар байна.
Хуучин Дэлхийн бүс хоорондын аварга шалгаруулах тэмцээн нэртэй байх үед 1963 онд хуучнаар Югослав Улсын Сплит хотноо болж, Монголчуудаас ОУМ С.Хандсүрэн оролцож, анхны шанг татсан түүхтэй. Түүнээс хойш 1967 онд Тунис Улсын Сус хотноо Монгол Улсын гавьяат тамирчин, ОУМ Л.Мягмарсүрэн, 1970 онд Испаний Пальма де Майорка хотноо ОУМ Т.Үйтүмэн (дэлхийг шуугиулсан), 1990 онд хуучнаар ЗХУ-ын Азов хотноо ОУМ Ц.Батцэцэг нар оролцож байлаа.
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болсноос хойш Монгол Улсын гавьяат тамирчин, ИМЭ, ОУМ Б.Мөнгөнтуул 2008 (цагаан хуудсаар), 2010 онд шалгаран оролцсон юм. Харин эрэгтэйчүүдийн төрөлд анх удаагаа их мастер Ц.Батчулуун оролцох гэж байна.
Баянхонгор аймаг, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар клубт харъяалагддаг түүний амжилтаас цухас дурдвал:
- Өсвөрийн шатарчдын Монгол Улсын зургаан удаагийн аварга.
- Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ий шагналт дөрөвдүгээр байр (1998 он).
- Насанд хүрэгчдийн Монгол Улсын дөрвөн удаагийн аварга.
- Ази тивийн АШТ-ий шагналт байр (сүүлийн гурван жил)
- Эло буюу ОУ-ын чансаагаа Монгол шатарчдаас хамгийн өндөрт хүргэсэн тоглогч /live rating 2566/.
"Дэлхийн цом”-д эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун анх удаа оролцох гэж байна | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.