
Германы Хамбург хотноо өнөөдөр эхлэх насанд хүрэгчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа гарчээ.
Тус тэмцээнд Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор хилийн дээс алхсан. Тодруулбал, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар тус тус тулалдана. Тэдний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан билээ.
Манай тамирчдаас Б.Түвшинбат 69 кг-ын жинд Монголын багийн салхийг хагалж, маргааш рингэнд гарах хуваарьтай байна.
Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай 60 кг-ын жинд тэмцээний чансаанд гуравт эрэмбэлэгдсэн тул дүрэм ёсоор урьдчилсан шатны эхний тулааныг өнжиж байна. Тэрбээр удаах тойрогт Израилийн боксчин Павел Ищенко, Хятадын Шань Жунь нарын ялсантай нь тоглоно.
49 кг-д өрсөлдөх Г.Ган-Эрдэнэ мөн эхний тойргийн тоглолтыг өнжих бөгөөд хоёрдугаар тойрогт Гондурасын Байрон Молина, Туркийн Мухаммед Унлу нарын ялсантай өрсөлдөхөөр болжээ.
64 кг-ын жинд Б.Чинзориг эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт шууд тулалдана. Дэлхийн аваргын рингэн дэх түүний эхний өрсөлдөгч нь Науру улсын тамирчин Колан Калеб, Унгарын Ричард Ковакс нарын ялагч байх болно.
Харин 69 кг-д эх орноо төлөөлж буй Б.Түвшинбат эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой тулалдана. Тэдний тулаан бямба гаригийн орой /Монголын цагаар 27-ны шөнө/ болох хуваарьтай байна.
Монголын тамирчдаас Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар Монголын цагаар наймдугаар сарын 27-28-нд шилжих шөнө, харин Д.Отгондалай 29-нд шилжих шөнө дэлхийн аваргын рингэнд эхний тулаанаа хийх юм.
Боксын ДАШТ-ий сугалааг танилцуулж байна | ||
Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.