Шууд Chart

Р.Арслан: Халдварт өвчин улсын нууцад байсан нь цаг алдахад хүргэсэн

2017-09-04 17:56:39

Төр, нийгмээрээ “сайн сайхан байна”, “болж байна” гэсэн дүгнэлтийн эсрэг болохгүй, бүтэхгүйг нотолж, нийтийн хандлагыг өөрчлөнө гэдэг хэцүү. Тэр дундаа хаалттай “соци” нийгэмд санахад ч бэрх. Харин тэр чадсан л байгаа юм даа. Түүний ачаар хичнээн монгол хүн  халдварын аюулаас холдоо  бол... Түүнийг Монголд бага насны  хоёр хүүхэд тутмын нэг нь халдварлаад байсан В вирусын тархалтыг бууруулахад манлайлан санаачилгатай ажиллаж, гарамгай амжилт гаргасан хэмээн  ДЭМБ  үнэлж, Сасакавагийн нэрэмжит нэр хүндтэй шагналаа Женев хотноо албан ёсоор гардуулсан. Харин  монголчууд  өнгөрсөн онд “Алтангадас” одонгоороо  мялаажээ.  

Монголд хепатит В вирусын шинжилгээг нэвтрүүлсэн, энэ төрлийн халдварын судалгааны суурийг тавьсан ЭМЯ-ны  Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүн  Ринчингийн Арслантай ярилцлаа.

-1960-аад  оны сүүлчээр  элэгний  В вирусыг  өөрийн хүсэл сонирхлоор судлах  том шалтаг шалтгаан  танд байжээ дээ?

-Сургууль төгсөөд 2-р эмнэлэгт дотрын лабораторид томилогдлоо. Тэнд ажиллаж байгаад шинжилгээнд ирсэн цусны ихэнх нь шарласан хүмүүсийнх, бүр тэн хагас нь хүүхдүүдийнх байсныг  ажигласан. Дандаа шар өнгөтэй цус байсан л даа.  Унгарт сургуульд сурч байхдаа сонин сэтгүүлээс хепатит В вирусын талаар зарим мэдээллийг авсан нь их тус болсон.  1965 онд хепатит В вирусыг нууц үед нь илрүүлэх боломжийг  Америкийн эрдэмтэн  Бламбэрг  санамсаргүй  нээгээд байсан  юм.  

Ээж маань  улсдаа тустай зүйл хийхийг  надад зөвлөдөг, би ч  дотроо их л боддог байлаа.  Миний ээж бас эмч хүн байсан. Тэгээд  В хепатитыг судалж,  нууц үед нь илрүүлдэг  шинжилгээг нэвтрүүлэхээр санаа шулуудан ажиллаж эхэллээ. Тэр үед энэ вирусыг эмнэлзүйн шинж тэмдгээр, тариа, цус хийлгэсэн үү, хүнтэй хавьталд орсон уу зэрэг  мэдээллээр оношлодог байлаа.  Лаборатори байхгүй болохоор  нарийн  зааглаж  болохгүй.  Вирусыг  илрүүлэх  оношлуур  хэрэгтэй болдог юм байна.  Тэр үед  ОУ-д оношлуур  дөнгөж л нэвтэрч  эхэлж байсан. Энэ асуудлаа яамандаа тавилаа. Халдвар их байгаа тухай  яамны газрын дарга нарт захиа ч  бичлээ.  Хүмүүс  энэ талын  мэдээлэлгүй,  дээр нь гаднаас  оношлуур авахад дэндүү үнэтэй. Ингээд ажил бүтэхгүй  болохоор аргаа  бараад “Австрали” хэмээх уургыг анх нээсэн Америкийн эрдэмтэн Бламбэрг,  бас Японы эрдэмтэн рүү захиа  бичлээ.  Вламберг  хожим 1976 онд Нобелийн шагнал авсан л даа. Тэр миний захиаг хүлээж аваад “ийм судалгааг Монголд эхлүүлсэнд баяр хүргэе. Цаашид хамтран ажиллахад бэлэн. Оношлуурыг  явуулъя,  яаж  хүргэх  вэ?” гэсэн хариу өгөв.  Одоо хүртэл тэр захиа нь надад байгаа.  Мөн Японоос ч халуун дулаан үгтэй, нааштай захиа  авлаа.   Тэр үед  манай улс энэ хоёр улстай   дипломат,  бусад талын  харилцаа  байгаагүй.  Тэгэж  байтал би дээд байгууллагаас ЗХУ, Унгартайгаа л зууралдсан дээр гэсэн утгатай сануулга авч,  нөгөө  эрдэмтэдтэй харилцахаа больсон.  Ер нь асуудалд орж мэдэх юм байна гэж айгаад таг болсон хэрэг. Тэд гайхсан биз.  

Тэр үед хүний,  малын гаралтай халдварт өвчин  улсын нууцын  жагсаалтад ордог байсан. “Энэ мэдээг задлавал хариуцлага алдсанд тооцно. Тиймээс яам энэ талаар ярихгүй байгаа” гэж манайхан ч надад  анхаарууллаа. Ингээд ер нь Монгол Улс өөрөө л оношлуурыг гаргаж  авах ёстой юм байна гээд санаачилгаараа ажиллаж эхэлсэн.  Би  өөрөө Унгарт  оюутан байхдаа  биохимийн  дадлага хийдэг байсан нь лабораторид ажиллахад их тус болсон.

-Та  туршилт судалгаагаа хэдэн жил хийж байж үр дүнд хүрсэн бэ?

-Би Унгарын номноос шинжилгээний 2 аргыг сонгож авсан.  Оношлуур гаргана  гэдэг хүний гаралтай цуснаас уургийн эсрэг бие гаргаж авах юм байна гэдгийг  ойлгоод  лабораторид ирсэн  бүх цусыг цуглуулж шинжилж эхэлсэн.  Шарласан хүний цус бусад хүмүүсийн цустай урвал гарах эсэхийг ажиглана гэсэн үг шүү дээ.  Манай 2-р эмнэлэг мэс заслын том  тасагтай байсан. Донорын цус авч ашигласан. Тэгж байж эсрэг биетэй цус олж авлаа. Тэр эсрэг биетээрээ  донорын  цусыг нь үзэж,  шинжилж  эхэлтэл нөгөө австрали  антиген  уураг буюу В хепатит илэрчихлээ.  Ийм цусыг ашиглаж болохгүй,  актлах хэрэгтэй  болов.  Тэр үед нэг литр цус  200 төгрөг  байсан болов уу.  Тэгээд тэр уураг илэрсэн цусыг туршилтандаа  ашигласнаар  оношлуурын нөөцтэй  ч болов.  Энэ шинжилгээний аргаар  лабораторид ирсэн хүмүүст анхны туршилтаа ч хийлээ. Цусны төвийн цусыг   шинжилж  үзлээ.  Тэр туршилтаар  нэлээн халдвар илэрдэг юм байна.  Би шинжилгээний арга нэвтрүүлсэндээ нэг талаараа баярлаж байсан ч халдвар ихээр илэрсэнд  цочирдсон. 

-Эрүүлийг хамгаалах яам таны  энэ оношлуур, мөн  судалгааны дүнг  хүлээн зөвшөөрсөн үү?

-Би судалгаагаа 1973-1977 оны хооронд Эрүүл ахуйн Вирус судлалын лаборторид үргэлжлүүлсэн. Эхлээд цусны донорт  нэвтрүүлсэн.  Учир нь эмчилгээний  зорилгоор хүний амь аврах гэж байж халдвартай цус хийгээд байж болохгүй биз дээ.  Ер нь энэ ажлыг  би хэн нэгний заалт тушаал, заавар зөвлөгөөгөөр хийгээгүй.  Яамнаас үүнийг хий гэж хэн ч надад тушаагаагүй.

Тэр үед мэдээлэл их хомс,  дутмаг байсан болохоор зүгээр л загвар хэлбэр хөөж байна гэж  зарим нь үзээд миний ажлыг ойшоогоогүй.  Дэмждэг хүн их ховор байсан.  Юун тулдаа “австрали антиген”  гэж  нэрлэж  байсан  уургийг нэвтрүүлье гэхээр Монгол улс чинь Австрали улстай ямар ч харилцаагүй. Чи яаж тэр “австрали уураг”-ийн шинжилгээ  нэвтрүүлэх гээд байгаа юм гээд халгаагаагүй.  Ингэж хэлж байсан эрдэмтэд одоо ч  байгаа.  Ер нь В вирус гэж мэддэг ч үгүй, энэ төрлийн халдварыг нэг их ойшоодоггүй, зарим эрдэмтэн судлаачид 10 мянган хүнд 2 хувьтай байж болох тухай таамаг дэвшүүлдэг байлаа. Тэр үед Зайсанд пиг дүүрэн өвчтөнтэй  Халдвартын эмнэлэг гэж байсан.  Хүүхдийн шарын эмнэлэг ч байлаа.  Би туслахтайгаа  тэнд судалгаа явууллаа.   Гэтэл  шарласан өвчтөний 35 хувьд  нь  В вирус илэрч байсан.  Хепатит В вирустайй  байж магадгүй гэсэн өвчтөний тал хувиас  нь  халдвар илэрсэн.  Халдвартай хүмүүсийн 50 гаруй хувь нь 0-4 насны хүүхэд  байсан. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр. Ингэж л албан ёсны судалгааны дүнтэй болсон.

-1980-аад оны үеэр хүүхдүүд олноор шарлаж, эмнэлэгт байнга хэвтдэг байсан санагдах юм?

-Тэр үед  цусаар их халдварладаг байсан.  Одоогийнх шиг ийм олон төрлийн эмчилгээ байгаагүйгээс хүүхдэд  плазм хийдэг байлаа. Эмнэлэгт, гэрийн нөхцөлд  шилэн тариураа буцалгаж хэрэглэдэг байсныг одоо ч зарим нь мэдэх байх.  Тариураар ийм айхтар халдвар дамждаг гэсэн ойлголт тухайн  үед байсангүй л дээ.  Одоо бол аюулгүйн тарилга, цусны аюулгүйн асуудал  маш өндөрт тавигдаж халдвар эрс буурсан.  

-В вирусын  ойлголтгүй байсан, энэ төрлийн өвчин маш ховор гэсэн дүгнэлттэй байсан  Монгол Улс, ялангуяа Эрүүлийг хамгаалах яам таны энэ дүгнэлтэд ихэд цочирдсон байх даа.  Яаж хүлээн зөвшөөрсөн бэ?

-Айхтар цочроогүй гэж бодож байна.  Харин хожим 1991 онд  ЭМЯ-нд ажиллаж байхад  ДОХ-ын анхны өвчтөн Монгол Улсад илэрлээ гэхэд манайхан их цочирдсон. Дээшээ мэдэгдэхэд сайд нарын зөвлөл бас их цочролд орсон.  В хепатитийн өвчлөл  эх, нялхсын дунд  өндөр байсан ч  зүгээр нэг халдварт өвчин шиг үздэг байсан үе.  Өвчин архагшиж,  өөр төрлийн вируст шилжчихдэг. Надаас  ийм өвчтөнийг яах вэ гэж тэд асууна. Тэр үед вирусын эсрэг  эм гараагүй болохоор вирусыг хяналтад  авч,  хоолны дэглэм  барих зэргээс  өөр  эмчилгээ алга байлаа.  Тэгээд би ЗХУ-ын мэргэжилтнийг  урьж байлаа.  

-Таны  судалгаа хийхээс өмнө цусыг  вирустай эсэхийг мэдэхгүйгээр хэрэглэдэг байжээ дээ?  

-Тийм л дээ. Цусны станцын дарга нартай хамтран тэр дор нь судалгааныхаа хариуг ”Монголын анагаах ухаан” сэтгүүлд нийтэлсэн. Тэр мэдээллийг уншаад нэг их цочирдоогүй л дээ. Судалгааныхаа дүнд тулгуурлаад нярайг вакцинжуулахгүй бол ээжүүд хүүхдэдээ халдаачих эрсдэл байгааг анхааруулсан.  Бид эх, хүүхдэд  судалгаа хийсэн ч цааш  хүч хүрээгүйгээс халдвар дамжуулж байгаа эсэхийг нотолж чадаагүй.  

-Вакциныг гадаадаас авах хөрөнгө байхгүй байсан юм уу, нэг бол зүгээр хойд хөршийн хариуг хараад байсан хэрэг үү. Учир  нь 1974 онд  монгол аргаар вирусын халдвар их байгааг тогтоосон ч  1990 он гартал вакцин хэрэглээгүй л байж шүү дээ?

-Надад уг нь  элэгний Үндэсний төв байгуулах бодол байсан юм. Улсад төсөв мөнгө ховор,  хаалттай  нийгэм  байсан учир  ОУ-ын байгууллагаас  хөрөнгө мөнгө тусламж дэмжлэг хүсэх гэхээр хамаг мэдээллээ өгөх болно, нууц задруулна  гээд гацчихна.  Нөгөө талд Америкт 1981 онд анхны вакциныг бүтээж,  туршиж эхэлсэн. Харин манайд хэдийд хэрэглэж эхлэх нь тодорхойгүй байлаа.  Вакцин бол HB-ээс  сэргийлэх цорын ганц шийдэл байсан.  Ингээд  вакцин дээр нэг хэсэг гацсан.

-Та 1974 онд судалгааныхаа үр дүнг гаргаад В хепатитийн тархалт ямар байгааг тогтоочихлоо. Тэрнээс хойш ямар ахиц, өөрчлөлт гарсан гэж үзэж байна?

-Монголд хамгийн  түрүүнд  цусаар  дамжих гепатитийг  багасгасан.  Үүнийг  ЭМЯ-ны орлогч сайд байсан н.Шаадай  хотын ариун цэврийн станцад  ажиллаж байхдаа  судлаад   надад үзүүлж байсан. Нэг жилийн дотор цус сэлбэлтийн дараах халдвар 50 хувь буурчихсан байсан.  Хоёрдугаарт,  цус сэлбэлтийн заалтыг  хязгаарласан.  Тэр үед  хатиг  гарахаар  л  ядаргаанд  орлоо гээд цус хийлгэдэг байсан үе шүү дээ.

-Өөрсдөө вакцин гаргах боломжгүй байсан гэж үү?

-Вакцин гаргаж авах  санаа байсан л даа.  Биотехнологийн их нарийн аргууд хэрэгтэй болдог. Энэ талаар Болгарт хүсэлт тавихад төлөөлөгч нь  Био бэлдмэлийн институтын  үйлдвэрийг үзчихээд юу ч хэлэлгүй, толгойгоо сэгсрээд л гарсан.  ОУ-н стандарт хангасан байх ёстой үйлдвэр нь дандаа гар ажиллагаатай, тосон будган өрөөнүүдтэй, аюулгүйн шүүгээ ч  байхгүй болхи байсан байх л даа. Дараа нь  ДЭМБ-ын чуулганд оролцож байхдаа судалгааны дүнгээ танилцуулж хүсэлт тавьсан. ДЭМБ нотлох судалгаа хийгээд В хепатитийн халдвар  үнэхээр газар авсан юм байна гэж дүгнэсэн.  ЭМЯ  ч гаднаас тусламж  гуйсан.  Тив дамнасан “Смитклайн”   пүүсийн  вакциныг   манайх  туршилт болгож хийж эхэллээ.  Үр дүн ч  сайн гарлаа.  Зах зээл шилжилтийн үе эхэлж, хөрөнгө мөнгөгүйгээс  томилолтоор явж судалгаа хийж чадахаа  байсан үе.  Тэгээд би хэлээ ашиглаж  “Саажилтыг устгах хөтөлбөр”-ийн халхавчин дор хепатит В-ийн вакциныг оруулж “Дархлаажуулалтын хөтөлбөр” нэртэй боловсрууллаа. Дангаар нь асуудал тавихаар ОУ-ын байгууллага В хепатитийн халдварыг Монголын дотоодын асуудал гээд тоодоггүй байсан юм. Ийм байдлаар манай ЭМЯ ОУ-ын байгууллагаас тусламж хүслээ.  1993 онд энэ хөтөлбөр батлагдсанаар  донор орнууд манайд гар сунгаж эхэлсэн.  Өөр нэг төсөл боловсруулсныг Японы Засгийн  газар “ЖАЙКА”-аараа  дамжуулан 2001 он хүртэл санхүүжүүлсэн.  Тэгж  Япон улс вакциныг даасан  юм. Ингэж л  В вирусын эсрэг тогтмол  вакцинжуулалт хийдэг болсон.

-Өнөөдөр В вирусын эсрэг урьдчилан сэргийлэх, энэ өвчинтэй тэмцэх ажил  ижил хөгжилтэй  улс орнуудтай харьцуулахад ямар шатанд явж байна гэж та боддог вэ?

-Энэ дархлаажуулалтын хөтөлбөр маань “дэд хөтөлбөр” болж хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр манай улсын хэмжээнд, Азийн улсуудтай харьцуулахад хамралт нь 95-98 хувьтай хамгийн сайн нь  гэж үзэж болно. Манайх бараг үлгэр жишээ болохоор байгаа шүү. Хепатит В-ийн өвчлөл 1991 оноос хойш эрс буурсан.  Үүнд вакцин шийдвэрлэх гол үүрэг гүйцэтгэсэн.  Гэхдээ цаана нь нэг удаагийн зүү, тариурын үйлдвэрүүд байгуулсан нь чухал  нөлөө үзүүлсэн.   

-Монгол Улсын иргэдийн дунд хепатит В, С вирусын халдвар өндөр гэсэн судалгаа байдаг.  Тийм болохоор бид магадгүй дэлхийн улс орнуудаас хойно яваад байгаа юм болов уу гэж сэрдээд дахин асуугаад байна л даа?

-Азийн зарим орон болох Камбож, Лаос улсад ч өвчлөл  өндөр байгаа. 1970-аад оны үед австрали антигени  вирусын халдвар Японд 10 мянган хүн тутамд 1 хувь хүрэхтэй үгүйтэй,  харин манайд, тэр дундаа хүүхдэд 15 хувьтай  байсан.  Харин одоо бага насны хүүхдэд 1-ээс доош хувьтай  болж  буураад байна. Би зөвхөн  В вирусыг  ярьж байгаа шүү.  Яг өвчин нь илрээд тайлангаар мэдээлэгдсэн тохиолдлын тухайд  их буурсан.  С вирус ч гэсэн  10 мянган хүнд 2-3 хувь л байгаа.  Нийт тоогоор 400 мянга орчим хүн эдгээр вирусын халдвартай гэсэн тоо бий.

-Та ДЭМБ, НҮБ-д асуудал эрхэлсэн реферэнт, Шинэ Гвиней улсад зөвлөх, Хүүхдийг  ивээх сангийн Киргиз дэх төслийн эрүүл мэндийн зөвлөх гээд олон ажил хийж байсан юм билээ.  Ажиглаж байхад бид ер нь эрүүл мэндийнхээ төлөө хэр их анхаардаг улс юм бэ?

-ДЭМБ намайг Папуа, Шинэ Гвиней  улсад Монголд дархлаажуулалтын хөтөлбөрийг боловсруулсан туршлагаа  нэвтрүүлэхийг хүссэн. Гол нь  хүүхдийн зэрлэг вирусаар үүсгэгдсэн хүүхдийн саажилт өвчнийг  устгах зорилготой байсан. Хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш Папуад тухайн өвчин бүртгэгдээгүй. Би бас тэрэндээ баярлаж л явдаг. Киргиз улсын хувьд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болохоор хөгжлөөр харьцангуй гайгүй. Хүмүүс нь суурь мэдлэг сайтай.  Гэхдээ тэнд гол нь ДОХ-ын халдварыг бууруулах,  гамшгийн дараах чиглэлээр ажилласан. Ингэхдээ вакцины үр дүнг нь сонирхсон. Киргизээс манайх вакцинжуулалтаар арай түрүүнд явж байна лээ.  

-Дауны синдром өвчнийг ДЭМБ "Монголизм" буюу монгол гэж нэрлэснийг болиулж, нэршлийн жагсаалтаас хасуулахад таныг санаачилгатай ажилласан гэдэг юм билээ? 

-Женевт суугаа элчин сайд бидэнд "Монголизм" өвчин гээд биччихсэн байна гээд нэг сэтгүүл үзүүлсэн. ЭМЯ, генетик судлаач  М.Отгон эмч, бид хэд хэлэлцэж байгаад ДЭМБ-д  "Монголизм" нэрийг хасуулахаар санамж бичиг өгч байсан. Гишүүн бүх  орнуудад  тэр мэдээллийг түгээснээс хойш "Монголизм"-ыг хэрэглэхээ больсон.

-Яагаад дауны синдром өвчнийг "Монголизм" гэж нэрлэсэн юм бол?

-Нүднээсээ эхлээд шинж тэмдэг нь монголчуудынхтай төстэй болохоор монгол өвчин гээд нэрлэчихсэн юм билээ. Монгол хүний царайтай их төстэй гэсэн үг л дээ.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Р.Арслан: Халдварт өвчин улсын нууцад байсан нь цаг алдахад хүргэсэн   
Үзсэн: 3040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2017-09-05 11:11
бид хийсэн, бүтээсэн гавъяатай ахмадуудаараа бахархаж, хожимдсон ч гэсэн үнэлэх хэрэгтэй. мундаг хүн байна лээ.

Бидэнтэй нэгдээрэй